<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Х.Баттулга: Нийслэлийн зохион байгуулалтыг тусгайлан хуульчлахаар санал болгоод байна
featured

Х.Баттулга: Нийслэлийн зохион байгуулалтыг тусгайлан хуульчлахаар санал болгоод байна

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбогдох хэсгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцууллаа.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Өмнөх хэлэлцүүлэгүүдэд хэлсэн энэ үгээ дахин давтан хэлээд байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг болсон Үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандах, мэдлэг туршлага, оюуныхаа хүч боломжийг бүрэн дайчлахыг Та бүхэндээ сануулан уриалж байгаа хэрэг юм шүү.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, “зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “нийслэлийг онцгойлон авч үзэж доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар Улсын Их Хурал шийдвэрлэдэг байх” зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн болон ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого гэдгийг давтан хэлэхийн зэрэгцээ өнөөдрийн хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. 

Амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байна.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Баярлалаа” гэлээ.

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой  холбоотой зүйл, заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.