<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР 14 улстөрийн нам, хөдөлгөөн хамтран боловсруулсан саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ
featured

14 улстөрийн нам, хөдөлгөөн хамтран боловсруулсан саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгахаар улс төрийн 14 улс төрийн нам, хөдөлгөөн хамтран санал боловсруулжээ. Тус саналд өнөөдөр нам, хөдөлгөөний удирдлагууд гарын үсэг зурлаа.

 Гарын үсэг зурах ёслолын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж тодруулахад, "Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн намуудын удирдлагатай уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналаа нэгтгэж өгөхийг хүссэн. Энэ дагуу бид саналаа нэгтгээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд дагалдуулан хүргүүлж байна. Энэ саналыг УИХ-д мөн хүргүүлнэ" гэв.

Мөн нам, хөдөлгөөнүүд нэгдэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй  байлгах шаардлагыг тавьж, олон талыг оролцоог хангасан мэтгэлцээн явуулах хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон МҮОНРТ-д бичгээр хүргүүлэхээр болов.

 "Үндсэн хуульд байгалийн баялагийг ард түмний мэдэлд өгч, тэндээс ард түмэн хувьцаа эзэмшиж байх ёстой гэх мэт саналыг манай хөдөлгөөнөөс дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус иргэний хувьд, Үндсэн хуулийн өөрчлөлтөд толгойлон оролцож, бүх нам болон иргэдийн саналыг авч нийгмийн зөвшилцлийн үр дүнд өөрчлөлт оруулах хэрэгтэй" хэмээн Улсаа аврах ард түмний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр ярьж байлаа. 

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Мөн энэ сарын 16-нд Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцүүлэх боломжгүй тул энэ сарын 18-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулсан. Тус ажлын баг энэ долоо хоногт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн болон олон нийтийн саналыг тусгахаар таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.