<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хөдөлмөрийн баатар,Төрийн соёрхолт Б.Шарав гэгээн алсад одлоо
featured

Хөдөлмөрийн баатар,Төрийн соёрхолт Б.Шарав гэгээн алсад одлоо

 Монголын орчин үеийн хөгжмийн ноён оргил, Хөдөлмөрийн баатар  Төрийн соёрхолт Б.Шарав бурхан зүг мордож, Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэнгэрийн од тэнгэртээ харваж, хүний орчлон нэгэн сод хүмүүнээр дутжээ. Хөгжмийн зохиолч Б.Шарав хэмээх гайхамшигт  эрхмийг  олон сайхан хөгжмийн бүтээлээр нь бид байтугай дэлхий мэдэх билээ. 
Түүний сэтгэлээ шингээж бүтээсэн аялгуу цаг мөнхөд эгшиглэх нь тодорхой. Бурхад залрах Энхжингийн орноо, анир алсрах "Гэгээн алсад" одсон та минь эх нутагтаа эргэн төрөх болтугай.
Б.Шаравын Монголын хөгжмийн урлагт олон сор бүтээл туурвисныг нь Монголын төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор баяр наадмын өмнөхөн шагнасан юм.

Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн.

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь Дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад тоглогдсон бөгөөд Ардын жүжигчин Ж.Чулууны хамт туурвисан “Ардын дуунуудын найруулга” нь ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн гурван сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр  Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан баатар байлаа. “Сэрсэн тал”-даа тэрээр “Сэтгэлийн эгшиг”-ээ үлдээгээд гэгээн алсад одлоо. Та минь энхжингийн орондоо тайван нойрс доо.

Таг: