<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Завханыхан гурав дахь жилдээ ширхэг ч хоггүй нааджээ
featured

Завханыхан гурав дахь жилдээ ширхэг ч хоггүй нааджээ

 Завхан аймаг гурав дахь жилдээ наадмаар хоггүй наадлаа. Энэ жил аймгийн Засаг даргын "Хоггүй цэвэрхэн наадацгаая" 220 тоот тушаал гарч аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, "Дэлхийн зѳн" ОУБ Завхан хангай, Хот тохижилт үйлчилгээний алба, "Завхан Ногоон гарц нэгдэл" ТББ-аас хамтран хогоо ангилж ялгах дадлыг наадамчдад хэвшүүлжээ.

"Завхан Ногоон гарц" нэгдлээс наадмын үеэр талбай дээр нийт зургаан ширхэг хог ангилан ялгах ангилалтын бункерийг байрлуулж хогоо ангилан ялгах зөв дадлыг үлгэрлэж буй иргэдийг амттанаар дайлах үйл ажиллагааг зохион явуулжээ.

Мѳн аймгийн БОАЖГ-аас ангилан ялгалтын 10 гаруй хогийн сав байршуулж наадмын хоёр өдөр "Завхан ногоон гарц нэгдэл" ТББ нь идэвхтэн сайн дурын 40 гаруй хүүхдүүдийн ѳдрийн хоол хүнс, урамшууллыг өгч дэмжин хамтарч ажиллажээ. Наадмын өдрүүдээр сайн дурын хүүхдүүд иргэдэд хогоо хэрхэн ангилж ялгах дадлыг зааж өөрсдөө үлгэрлэн хогоо эмх замбараагүй хаяж буй иргэдэд сануулга, зөвлөгөө өгч хог түүх явуулын үйлчилгээг үзүүлжээ. Түүнчлэн морины наадам болон сур харвааны талбай дээр очиж наадамчдын хогийг ангилан ялгах, хогийг түүж хоггүй, хогоо ангилж ялгах дадлыг үлгэрлэжээ. 

 Дашрамд дуулгахад, Завхан аймагт хоёр дахь жилдээ "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа билээ. Энэ аяны хүрээнд аймгийн төрийн байгууллага, иргэд идэвхтэй оролцож өнөөдрийн байдлаар нийт 76 байгууллага, сум 60 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлээд байгаа тухайгаа цахим орчинд мэдээлжээ.

 

Таг: