<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, аваргуудын түүхийг баяжууллаа
featured

Арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, аваргуудын түүхийг баяжууллаа

 Монгол наадам сайхан болж өндөрлөөө. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", "Хүч" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж наадамчин олноо баясгалаа. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  улсын аварга цол хүртээлээ. Харин Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх,Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.  

Улсын арслан Э.Оюунболд 20 насандаа буюу 2013 онд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж улсын начин цолтон болсон юм. 2015 онд 22 насандаа Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, арслан цолтой болсон юм. 2015 онд Э.Оюунболд нь  16 жилийн дараа улсын наадамд Хэнтий аймгаас түрүүлсэн бөхөөр тодорч байв. Өөрөөр хэлбэл, Даяар дурсагдах Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1999 онд 11 дэх түрүүгээ авсанаас хойш Хэнтий аймгаас Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүүг аваагүй байсан юм. 

Э.Оюунболд хоёр дахь удаагаа улсынхаа наадамд түрүүлж, аваргуудын тоог нэгээр нэмж,Монголын үндэсний бөхийн аваргуудын түүхэнд бас нэгэн шинэхэн түүх боллоо. Ийнхүү тэрээр  1992 оноос хойш Хэнтий  нутгаас төрсөн гурав дахь аварга боллоо. 

Эргэн сануулахад,Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд

  1. Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
  3. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
  4. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  5. Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням нар тав давж УЛСЫН НАЧИН цол хүртсэн.

Зургаагийн даваа шинэ начингуудад халтай байж, бүгд өвдөг шороодсон юм. Харин Дорнод аймгийн харьяат, улсын начин Д.Анар зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын аварга Н.Батсуурь, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдоржаа нар барилдав.