<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Ховдын наадамд Аймгийн хурц арслан Б.Баянмөнх түрүүллээ
featured

Ховдын наадамд Аймгийн хурц арслан Б.Баянмөнх түрүүллээ

 Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо. Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой  256 бөх барилдсанаас  Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянмөнх  8 даван  түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртлээ. Харин Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож  7 даван үзүүрлэж, шинээр аймгийн заан цолны болзол хангав.

Мөн их шөвөгт Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргал, Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам нар тус тус шалгарлаа. 

Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд  Улсын цолтой 3, аймгийн цолтой 48, сумын заан, харцага, начин цолтой 50 гаруй бөх оролцсоноороо онцлог байв.

Түүнчлэн Мөст сумын харьяат, сумын заан Б.Баяраа, Манхан сумын харьяат, сумын заан Б.Даваадалай, Дуут сумын харьяат, сумын заан Б.Одгэрэл нар 5 давж, шинээр  Аймгийн начин цолны болзол хангалаа.

             Өсвөр насны хүүхдийн барилдаанд 32 бөх оролцов

Ховд аймгийн баяр наадмын Өсвөр насны хүүхдийн барилдаанд  15-16 насны 32 бөх барилдсанаас Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Ц.Сумъяабазар түрүүлж, Чандмань сумын харьяат, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 10г ангийн сурагч М.Наранмандах үзүүрлэв. 

Харин их шөвөгт Дөргөн сумын харьяат, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Б.Одгэрэл, Дөргөн сумын сургуулийн сурагч Ө.Бат-Оргил нар шалгарлаа.

Бөхийн барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон аймгийн удирдах ажилтнууд, үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд үзэж сонирхсон юм. Шагналыг удирдах ажилтнууд гардуулан өгч, баяр хүргэв.

                        

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын Шагайн харваа амжилттай болж өндөрлөлөө. Шагайн харвааны багийн болон цуваа харваа төрөлд нийт 50 гаруй хүн оролцов.

Цуваа харвааны төрөлд, тэргүүн байрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Өнөрбаясгалан, дэд байрт "Цаст-Алтайн жинчид" ХХК-ийн харваач, аймгийн гоц мэргэн Д.Хатанбаатар, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй, хаалттай хорих ангийн харваач, аймгийн гоц мэргэн Ч.Сандагсүрэн, тусгай байрт Цагдаагийн газрын харваач, аймгийн дэд мэргэн Ц.Пүрэвхүү, тусгай байрт Ховд Дулааны станц ТӨХК-ийн харваач, аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай нар тус тус шалгарлаа.

Харин багийн харвааны төрөлд, тэргүүн байрт Төрийн банкны харваач, аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай “Хос алтай” баг, дэд байрт "Цаст-Алтайн жинчид" ХХК-ийн харваач, аймгийн гоц мэргэн Д.Хатанбаатар ахлагчтай “Алтан жолоо” баг, гуравдугаар байрт Ховд аймгийн Цагдаагийн газрын харваач, аймгийн дэд мэргэн Ц.Пүрэвхүү ахлагчтай баг тус тус шалгарч, шагналаа гардан авав.

 Энэ жилийн баяр наадмын шагайн харваанд оролцогчдоос Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Г.Өнөрбаясгалан, Дулааны хоёрдугаар станцын харваач Б.Мөнгөншагай, Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн харваач Б.Энхбаяр, Ховдын өргөө ХХК-ийн харваач Ч.Иваанов, аймгийн Нийтийн номын сангийн харваач Л.Доржпүрэв гэсэн 5 харваач шинээр Аймгийн гоц мэргэн цолны болзол хангасан юм. Мөн Эрдэнэбүрэн сумын харьяат Ч.Түмэндэмбэрэл, Мөнххайрхан сумын харьяат С.Бүрнээ нар Монгол Улсын хүндэт харваач цолны болзол хангалаа.