<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “Boeing” компани “737 Max” онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 100 сая ам.доллар зориулна
featured

“Boeing” компани “737 Max” онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 100 сая ам.доллар зориулна

 “Boeing” компани “737 Max” загварын нисэх онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхэд 100 сая ам.доллар зориулахаар болжээ. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, мөнгөн тусламжийг Индонез, Этиопын ашгийн бус байгууллагад олгож, амиа алдсан 346 хүний ар гэрийнхэнд хүргүүлэн хохирогчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөх зэрэг боловсролыг нь дээшлүүлэхэд зориулах юм.

  Өнгөрсөн гуравдугаар сард “Ethiopian Airlines” компанийн “737 Max” загварын онгоц Аддис Абеба хотоос хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож, 157 хүн амиа алдсан юм. Энэ явдлаас тавхан сарын өмнө Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн нисэх онгоц Явагийн тэнгист осолдсоны улмаас 189 хүн амь насаа алдсан билээ. 

Этиопт болсон “737 Max” онгоцны ослын үеэр амиа алдсан хүмүүсийн олон арван гэр бүлийг төлөөлдөг өмгөөлөгч Боб Клиффордын хэлснээр, “Boeing” компанийг шүүхэд өгсөн хохирогчдын ар гэрийнхэн дээрх мэдээг тийм ч таатай хүлээж аваагүй аж.

Шүүх ажиллагаа үргэлжилж байгаа үед “Boeing” компани хэтэрхий эрт санал тавьсан хэмээн үзэж байгаагаа Б.Клиффорд илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүс бэлэн мөнгөнөөс илүү ослын газраас цогцсынх нь үлдэгдлийг авахыг хүсэж байгаа бөгөөд уг ажиллагаа “маш удаан” явагдаж байгааг онцлон тэмдэглэжээ. 

 “Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай “737 Max” загварын нисэх онгоцнууд хэдхэн сарын зайтай осолдсонтой холбогдуулан уг онгоцны нислэгийг дэлхий даяар зогсоогоод байгаа бөгөөд компанийн мэргэжилтнүүд нисэх онгоцны шүүмжлэл дагуулаад буй программыг шинэчилж байгаа юм.

“737 Max” онгоцонд хийсэн шинэчлэлтийг зургадугаар сарын сүүлээр баталж, долдугаар сарын эхээр туршилтын нислэг үйлдэхийг зөвшөөрнө гэж АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар /FAA/ өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч зургадугаар сарын эцсээр уг загварын онгоцонд дахин доголдол гарсан тухай "FAA" мэдээлснээс үзэхэд нислэг үйлдэж эхлэх хугацаа нь улам хойшлох төлөвтэй байна.