<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Европын холбоо Монгол Улсад 50 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
featured

Европын холбоо Монгол Улсад 50 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

ГХЯ-нд болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19 дүгээр хуралдааны төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.  

Энэ үеэр хуралдаанд Европын холбоог төлөөлөн оролцсон Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, ноён Гуннар Виганд, “Европын холбоо Монгол Улсад төсвийн томоохон дэмжлэг үзүүлэхээр 50 сая еврогийн төсөл бэлтгэж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, “Европын холбоо нь Монголын эдийн засгийн түншээр зогсохгүй Монголын хөгжлийн түнш юм. Европын холбооноос үзүүлэх төсвийн дэмжлэг бүхий төсөл нь шинэ ажлын байр бий болгохоос гадна төсвийн менежментийг сайжруулахад түлхэц болно” гэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа маш эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд, гэхдээ Европын холбооноос манай улсад үзүүлж буй татварын хөнгөлөлтийн ерөнхий системийн нөөц боломжийг манай улс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Энэ тал дээр Европын холбоотой түлхүү хамтарч, ялангуяа Европын холбооноос хэрэгжүүлж буй төслийн хүрээн дэх боломжийг бүрэн гүйцэд ашиглахад ямар саад тотгор байгаад тал талаасаа анхаарч үр дүнтэй болгох тал дээр ажиллахаар боллоо” гэв.

 Хуралдааны үеэр хоёр тал энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд нэлээд ач холбогдол өгч байлаа. Жилийн турш тэмдэглэх ойн хүрээнд саяхан Улаанбаатар хотноо Европын холбооны өдөрлөг болсон бол удахгүй Брюссель хотноо Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэн гаргах гэж буйг хоёр тал мэдээллээ. Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, ноён Гуннар Виганд энэ талаар хэлэхдээ, “Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар буюу ЭСЯ-ыг 2017 онд нээж ажиллаж байгаад таатай байна. Бидний харилцаа улстөр, эдийн засгийн төдийгүй хүмүүнлэгийн салбарт эрчимтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байна. Бид хүний эрхийн талаар гурав дахь яриа хэлэлцээг сая хийлээ” гэв. Хуралдаанаар, мөн Монгол Улсад бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийн төрөлжүүлэх, хар тамхитай тэмцэх, боловсон хүчин, мэргэжилтэн солилцох талаар хэлэлцэж тохирлоо.

 Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан нь 2017 оны 11-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Европын холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрээс хойш тогтмол болж байгаа бөгөөд өмнөх 17-р хуралдаан 2017 онд Улаанбаатар хотноо, 18-р хуралдаан өнгөрсөн онд Брюссель хотноо болсон юм. Дараагийн хамтарсан хуралдааныг  2020 онд мөн Брюссель хотноо хийхээр тохиролцов.