<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ
featured

Барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байна.

Энэ бол өмнө нь байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт гэдгийг УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан өнөөдөр мэдээлэл хийх үеэр онцоллоо. Тодруулбал, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төв суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцтай болохоос гадна эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орчныг бүрдүүлэх аж. Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрт тусгасан уг хөтөлбөр энэ оноос эхэлж, 2023 он хүртэл хэрэгжих юм.

Мөн 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдсэнийг онцоллоо. БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-д оруулж, Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг гаргасан.

Уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулснаар ийнхүү анх удаа ипотекийн зээлийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж байна гэв.

 Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байнагэв. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөлд 135, Орхонд 315, Улаанбаатарт хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлж, зургадугаар сард ашиглалтад оруулжээ.

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байгааг онцлон хүргэлээ.

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “ТОСК”, “Нийслэлийн орон сууцны корпораци”-уудын хэрэгжүүлэх орон сууцны төслийг эхлүүлээд буйг мэдээлээд, “Солонго-1”,“Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулсныг дуулгав. Уг төслийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар боловсруулж төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгож эхлэхээр тохиролцжээ.

Түүнээс гадна нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төслийг БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юанын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хэвлэлийн хуралд БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийтийн аж ахуй бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, яамны газар, хэлтсийн удирдлага оролцлоо.