<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инноваци ба хөрөнгө оруулалт” чуулган “White rock” төвд болж байна
featured

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инноваци ба хөрөнгө оруулалт” чуулган “White rock” төвд болж байна

 “Инноваци ба хөрөнгө оруулалт” чуулган өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “White rock” төвд эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан уг чуулганыг Монгол Улсын Хөгжлийн банк зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэхдээ, өнгөрсөн тавдугаар сард шинжлэх ухааны болон их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний байгууллагуудаар орсноо дурдаад, “Дотоодын эрдэмтэн мэргэжилтнүүдийн хийж бүтээж хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний ажил, судалгаатай танилцаж, тулгарч буй зүйлүүдийн талаар сонсож, цаашид яаж хөгжүүлж нэвтрүүлэх талаар бид ярилцсан. Ингээд эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийнхээ санал санаачилгад үндэслэн бид өнөөдрийн чуулганыг хийж байна” хэмээн тодотгосон юм.

 Цааш нь хэлэхдээ, “Өнөөдөр бид Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед амьдарч байна. Аж үйлдвэржилт гэхээр энгийн утгын түвшинд хүнд үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрүүдийг барьж байгуулаад, тэрийгээ хувьсгал маягаар хөгжүүлэх юм шиг ойлгодог. Үнэн хэрэг дээр өнөөгийн инноваци, өндөр технологийн шийдлийн хөгжил нь бидний уламжлалт сэтгэлгээг эрс өөрчилж байна. Тиймээс өнөөдөр дэлхий нийтээр инновацыг ашигласан тийрэлтэт өөрчлөлт бүх салбарт гарч байхад бид уламжлалт сэтгэлгээгээр аливаа зүйлд хандан суух боломжгүй.

Хүн бүр, байгууллага бүр, салбарт бүрт мэдлэг, оюун шингээсэн шинэ сэтгэлгээг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Наад зах нь бид ХАА, МАА-н түүхий эдээ ашиглаад дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Одоо манайхан малын өлөн гэдэснээс мэс заслын утас, хог дээр хаяж байгаа малын арьс, ширнээс чанартай коллеган гаргаж чадаж байна. Гагцхүү энэ бүхнийгээ олон улсын зах зээлд хүргэж чадвал бид үсрэнгүй хөгжих боломжтой” гэдгийг онцолсон юм.

“УИХ-аар Инновацын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн. Мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хийж бүтээхэд ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Энэ тал дээр иргэд, байгууллагууд санаачилгатай ажиллахад ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна, түүнийг бий болгохын төлөө хууль тогтоох байгууллага ажиллана” гэв.

 “Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д  оюуны чадавх буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдлаараа дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ. Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны чадавх сайтай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцорч явааг харуулж байна. Тиймээс өнөөдөр бидний хөндөж буй асуудал инновацыг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

 “Инновац ба хөрөнгө оруулалт” чуулганд УИХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-д инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кисве Мобайл” компанийн ТУЗ-ийн дарга Жон Ким “Инновацыг ашиглан амжилтад хүрэх нь” сэдвээр, мөн манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн компанийн төлөөллүүд инновацын талаар сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн юм.

 Чуулганы үеэр дэлхийн шилдэг инновацын компанийн удирдлагууд манай гарааны компаниудын дэлгэн тавьсан инновацын төсөл, бүтээгдэхүүнтэй танилцсан юм. “Кисве Мобайл” компанийн ТУЗ-ийн дарга Жон Ким, “Олон сайхан бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Монгол Улсдаа биш даяаршиж буй олон улсын зах зээлд гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд бүтээгдэхүүнээ анхнаас нь хөгжүүлэхдээ дэлхийн зах зээлд гаргана гэдгээ заавал төлөвлөх шаардлагатай” хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Чуулганы үеэр “Ди Би эм ассет менежмент” ХХК Германы хамтын ажиллагааны байгууллагын Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь өнөөдрийн чуулганы нэгэн үр дүн байв.

Таг: