<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Ерөнхий сайд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нартай уулзана
featured

Ерөнхий сайд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нартай уулзана

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нартай өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид уулзалт хийнэ. Энэ үеэр тэрбээр, МСҮТ болон политехник коллежид суралцагсдын тэтгэлэг, багш нарын нийгмийн хамгаалал, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэх юм.

Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролыг 84 сургалтын байгууллага олгож байгаагаас 51 нь төрийн өмчийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. Статистик мэдээгээр, 2018-2019 оны хичээлийн жилд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 38.526 суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж байна.

Энэ хичээлийн жилд  24.999 суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, 2018 онд 3 жилийн өмнөх хичээлийн жилээс даруй 5 мянга гаруй суралцагч нэмэгдсэн гэсэн үг. Өнөөдөр залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болсон нь мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа залуусын сонголтоос харж болох юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г хийж буй. Судалгаагаар, Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг аж.  Энэхүү судалгаанаас харахад, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа юм.