<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ В.Зеленский бүтцийн шинэчлэл хийх үйл хэрэгт барууны дэмжлэг авна гэдэгт найдаж байна
featured

В.Зеленский бүтцийн шинэчлэл хийх үйл хэрэгт барууны дэмжлэг авна гэдэгт найдаж байна

 Украины эрх баригчид Олон улсын валютын сан/ОУВС/, Европын холбоо /ЕХ/ болон НАТО-тай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд бүтцийн шинэчлэл хийх үйл хэрэгт Барууны дэмжлэгийг авна гэж найдаж байна. Энэ тжхайгаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Bild” сонинд ярилцлага өгөхдөө онцолжээ.  

 “Одоо бидний хамгийн чухал зорилго бол ОУВС, ЕХ болон НАТО-тай сайн харилцаагаа өргөжүүлэх юм. Бидний эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд нь төрт улсыг бэхжүүлэх, валютыг либералчлах, өмч хувьчлах, газрын шинэчлэл хийх, татварын удирдлагыг сайжруулах, компаниудад учирч буй захиргааны дарамтыг багасгах, мөн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэж тэрбээр хэлсэн байна.

 Зеленский Германы Канцлер Ангела Меркелийг асар их туршлагатай “хүчирхэг эмэгтэй” гээд түүний дэмжлэгийг авна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. “Украинчууд өмнө нь тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад дэлхийн нөлөө бүхий хүн гэдэг утгаараа Ангела Меркель улс оронд нь тусална гэж найдаж байгаа” гэж тэрбээр хэлжээ. Үүний сацуу тэрбээр “Умардын урсгал-2” төсөл нь Украин болон Европын эрчим хүчний аюулгүй байдалд хор хохирол учруулж байгаа учир уг төслийг аюул заналын хувиар харж байгаа гэдгийг сануулан дурджээ. Мөн Украин НАТО-той илүү нягт хамтран ажиллах бодлого баримталсан хэвээр гэдгийг дахин цохон тэмдэглэсэн байна. “Эхний алхмын хувиар би НАТО-гийн стандартыг Украины Зэвсэгт хүчинд болон аюулгүй байдлын салбарт нэвтрүүлэх хүсэлтэй байна. Украин улс хэдийнэ НАТО-гийн найдвартай түнш болсон бөгөөд хэтдээ бид эвслийн найдвартай гишүүн болж чадна” гэж Зеленский хэлжээ.

В.Зеленский Украины Ерөнхийлөгчийн хувиар мягмар гарагт Берлинд анх удаа айлчилж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер болон Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийхээс гадна, Германы бизнес хүрээний төлөөлөгчидтэй уулзана.