<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Салхи гарахын түрүүчээр налмайтал унасан хашлагууд хэдэн зуун саяын үнэтэй ч хэрэгцээ багатай эд бус уу
featured

Салхи гарахын түрүүчээр налмайтал унасан хашлагууд хэдэн зуун саяын үнэтэй ч хэрэгцээ багатай эд бус уу

Улсын халааснаас 776 сая төгрөг зарцуулан байж босгосон автозамын тусгаарлах шар хашлагууд арай дэндүү үнэтэй байна гэж хэдхэн хоногийн өмнө Монголын зохион бүтээгчдийн холбооныхон шүүмжилж байсан. Үнэхээр ийм их мөнгөөр боссон хашлагуудыг хэр чанартай хэрэглээний шаардлага хангахуйц эд вэ гэдгийг хүчтэй салхи шалгаж орхив. Хашлагууд нэг нэгийгээ дэрлэн унаж,  иргэдийн машин,эд хөрөнгийг хохироов. Хятадаас импортолсон тусгаарлах хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учруулсан нь бага тоо биш ээ.

 Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал удирдлагын хэлтсиин мэргэжилтэн Г.Билгүүний ярихыг анзаарвал,Унасан хашлагуудыг бүгдийг нь буцааж байрлуулаад замтай нь бэхэлсэн. Бусад замууд дээр байрлуулсан хашлагуудыг бас бэхэлж тогтоосон. Улаанбаатар зам засвар ашиглалтын газрынхан шар хашлагыг нийслэлийн замуудад суурилуулах ажлыг хариуцаж хийсэн. Бүх хашлагаа байрлуулсныхаа дараа автозамтай нь бэхлэх ажлыг хийхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй шуурга дэгдэж, автозамтай бэхлэж амжаагүй байсан шар хашлагууд унасан юм байна лээ. Одоо бүгдийг нь бэхэлсэн учраас салхи шуурганд хийснэ гэсэн асуудал байхгүй.

Мөн шар хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учирсан. Тэдгээр иргэдийн хохирлыг барагдуулах асуудал яригдаж байгаа. Ямар ч байсан бүх хүмүүсийг хохиролгүй болгоно.” гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, шар хашлагыг нэг метрийг нь 158 мянгаар буюу 4820 метрийг БНХАУ-аас импортолжээ. Тодруулбал 766 сая төгрөгөөр оруулж ирээд 38.5 сая төгрөгөөр нийслэлийн замуудад суурилуулсан юм байна. Тэр олон хашлагыг хэдэн зуун саяар заавал Хятадаас авах,зам дээр "амин"чухал хэрэгцээ мэт сунайтал тавих шаардлага байсан юм уу гэж хүмүүс бухимдаж байна. Салхи гарахын түрүүчээр налмайтал унасан хашлагууд хэдэн зуун саяын үнэтэй ч хэрэгцээ багатай эд бус уу.