<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Монгол Улсад анх удаа Азийн ардын урлагийн наадмыг зохион байгуулж байна
featured

Монгол Улсад анх удаа Азийн ардын урлагийн наадмыг зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдөр Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна.

Төрийн ордны өмнөх тусгайлсан талбайд өнөөдөр болсон наадмыг нээх ёслолд Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадаад дотоодын жуулчид, урлаг, соёлын  төлөөллүүд оролцов. 

Зочноор оролцож авьяасаа сорих гэж буй Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонез, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казакстан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёжээ. 

Удирдаач Г.Ганбаатарын удирдсан Үндэсний их найрал хөгжмийн чуулга “Сэрсэн тал”  аялгуугаар талбайд хурсан  олныг сэргээлээ. Залгуулан МУСТА С.Мягмарын хөгжим, МУУГЗ  Б.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” бүжгийг Үндэсний урлагийн их театрын бүжигчид  бүжиглэв.


 Монголчуудын авьяас билгээр уламжлагдаж ирсэн үлгэр туулиас эхлээд уртын дуу, хөөмий, уран нугаралт, морин хуурын татлагыг ч олон улсын элч төлөөлөгчид алга ташилт, уухайн түрлэгтэй хүлээж авлаа. Хөөмийн уран гоё нугалаа, хүнгэнэсэн исгэрээ зочид, үзэгчдийг ихэд татаж байв. Эрдэнийн туурайт, эрмэг морьдоо магтсан домогт “Жалам хар”-ын бүжгээр нээлтийн тоглолт өндөрлөв. Зохион байгуулагчдын зүгээс Азийн урлагийн их наадмын оролцогчид, уран бүтээлчид, эрхэм зочид төлөөлөгчдөд талархал дэвшүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаныхантай дурсгалын зургаа татуулснаар “Азийн ардын урлагийн наадам” нэгэн түүхэн хуудсаа сөхлөө.

 Наадам энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ. Ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм. Түүнчлэн Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана.

Таг: