<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Киргиз улсын Парламентын гишүүд бараалхав
featured

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Киргиз улсын Парламентын гишүүд бараалхав

Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын Парламентын дарга Д.А.Джумабеков, Парламент дахь Киргиз-Монголын найрамдлын бүлгийн дарга К.С.Нурматов тэргүүтэй парламентын гишүүд бараалхлаа.

 Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай үргэлжилж, айлчлалын үеэр Монголын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр улсын харилцаанд үлэмж нөлөөтэй болохыг цохон тэмдэглэлээ. Мөн парламентын засаглалтай орнуудын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө нь үнэт зүйл болохыг дурдаад Монголын парламент, ардчиллын төлөвшлийг үнэлж явдгаа илэрхийлсэн юм.

 Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул харилцан айлчлах, туршлага солилцох зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв. Уулзалтын үеэр мөн эдийн засгийн харилцаа нэг сая ам.доллар хүрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг хоёр талаасаа хэлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, бололцооны хүрээнд санал солилцлоо.

 Эдийн засгийн харилцаанаас гадна Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах, Киргизийн музей, архивт хадгалагдаж байгаа соёлын өв, дурсгалуудаа бүртгэн судлах, зарим спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон асуудлаар ярилцав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад болж буй ШХАБ-ын хуралдааныг амжилттай зохион байгуулж буйд нь талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж,ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

 Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.