<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Жижиг дунд үйлдвэрлэгчдэээс зээл хүссэн 1200 төсөл ирсэн байна
featured

Жижиг дунд үйлдвэрлэгчдэээс зээл хүссэн 1200 төсөл ирсэн байна

 ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажил орон даяар өнгөрсөн сарын 27-ноос эхэлсэн. Төсөл хүлээн авах хугацаа өчигдөр дууссан бөгөөд 2752 иргэн, ААН-ээс 1200 гаруй төсөл ирсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр мэдээлэв. 

 Тэрбээр, “Энэ жилийн хувьд, төсөл хүлээн авах ажлыг цахимаар явуулсан. Нийт төслийн хүссэн зээлийн хэмжээ 487 тэрбум төгрөг байна. Орон нутгаас 1341 иргэн, ААН-ийн 106 тэрбум төгрөгийн төсөл ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд орон нутгийн иргэд идэвхтэй оролцож байна. ЖДҮХС-гаас энэ жил 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгоно. Энэ жилийн зээлийн хүсэлт дээрх хэмжээнээс 10 дахин их байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх иргэдийн идэвх, санаачилга нэмэгдсэнийг нотолж байна. Тиймээс цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх, ажлыг өргөжүүлэх шаардлага байгааг харууллаа. Энэ жилийн 1200 төслийг ЖДҮХС-гийн ажилчдад хуваахад, нэг хүн 100-120 төсөл дээр ажиллах төлөвтэй байна. Гэхдээ сонгон шалгаруулалтыг цахим системд шилжүүлсэн тул богино хугацаанд зохих журмын дагуу, ил тод явуулна” хэмээв. Төслөө өгсөн иргэн, ААН-ийн мэдээллийг кодоор бүртгэсэн бөгөөд гар утсаа ашиглан өөрийн төслийг аль шатанд хянаж буй болон ямар шалгуур, болзлыг хангаж байгааг харах бүрэн бололцоотой юм. 

Энэ жил ЖДҮХС-гийн төсөл хүлээн авах журмыг шинэчилж, төсөлд ажиллах арга, механизм бий болсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлоод, “Бидний анхаарах асуудал нь боловсон хүчнээ чадавхжуулж, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөхийг таслан зогсоох юм” гэлээ. Түүнчлэн төрийн тэргүүн, УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЖДҮХС-гийн зээл олгох ажиллагааны өмнөх алдаагаа засаж, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулахад анхаарахаа илэрхийлсэн.

 ЖДҮХС-гийн захирал Б.Батцэцэг, “Төслийг хүлээн авах ажил дууссан тул төсөлд тавигдах шаардлага, иж бүрдлийг хянах ажил эхэлж байна. Эхний шат 3-4 хоногт дуусна. Арилжааны банкаар зээл олгох төслийг гурван үе шаттай, ЖДҮХС-гаас зээл олгох төслийг дөрвөн үе шаттайгаар сонгон шалгаруулна. Тодруулбал, Арилжааны банкаар олгох буюу 300 саяас нэг тэрбум төгрөг хүссэн 220 төслийг судлаад, төсөл сонгон шалгаруулах хороонд шилжүүлнэ. Ингээд зургаадугаар сарын сүүлээр арилжааны банк судална.  Харин ЖДҮХС-гаас олгох буюу 20 саяас 300 сая төгрөг хүссэн 1200 төслийг дөрвөн үе шатаар сонгон шалгаруулна. Эхний шатанд иж бүрдэл, тавигдах шаардлагыг хянаад, урьдчилсан судалгаа буюу 13 шалгуур үзүүлэлтээр нарийвчлан төслийг үнэлэх юм. Үнэлгээгээр 70-аас дээш оноо авсан бол төсөл сонгон шалгаруулах хороонд шилжүүлнэ. Хороо эцэслэн шийдвэрлэнэ” гэв.