<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 190 хүүхэд амьдардаг "Өнөр бүл" төвд гарсан галын шалтгааныг шалгаж байна
featured

190 хүүхэд амьдардаг "Өнөр бүл" төвд гарсан галын шалтгааныг шалгаж байна

Нифслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төвийн байранд энэ сарын 8-ны өдөр гал гарсан. 60х20 метрийн хэмжээтэй 3 давхар барилгын 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг тухайн өдрийн 09:40 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 минутын дараа очиход гал түймэр дэлгэрч байсан аж. Тиймээс Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид нэмэлт дуудлагаар очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймрээс 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, 9 хүүхдийг ЯТТТ болон Цэргийн төв эмнэлэгт, 2 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССЗҮТ-д хүлээлгэн өгсөн юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 13 хүүхэд хэвтэн эмчлүүлж, өчигдөр эмнэлгээс гарчээ. Мөн угаартсанаас биеийн байдал нь хүнд байсан нэг хүүхдийг Эрчимт эмчилгээний тасгаас өнөөдөр энгийн тасагт шилжүүлээд байгаа юм байна.

Гал түймэр асрамжийн газрын хоёр давхарт буюу хүлээлгийн танхимд гарсан бөгөөд хүүхдүүдийн өрөө галд өртөөгүй, хүлээлгийн танхим дахь буйдан хивс сандал, ширээ зэрэг нь шатжээ. Галын шалтгааны дүгнэлт 7-14 хоногийн дараа гарна.

“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 12-18 насны 70 гаруй хүүхэд байсан аж.

Одоо тус төвийн хүүхдүүд цэцэрлэгийн байранд байрлаж байгаа юм байна.