<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ 19 цэцэрлэг барих 4.7 тэрбум төгрөгөөр "Эрдэнэт"-ийн захирлууд байр авчээ
featured

19 цэцэрлэг барих 4.7 тэрбум төгрөгөөр "Эрдэнэт"-ийн захирлууд байр авчээ

 Эрдэнэт” ТӨҮГ-ын удирдлагууд Зайсан орчимд байрлалтай “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Өндөр үнэтэй тансаг харшуудыг хоёр жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сард авсан аж.
Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор П.Батболор, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Д.Дэлгэрбаяр  нар ажиллаж байсныг сануулахад гэмгүй.
 
Зайсанд байрлалтай тансаг зэрэглэлийн “Жарден” хотхонд,
НЭГ ДЭХ БАЙРЫГ : 1 тэрбум, 406 сая, 250 мянган төгрөг,
АВТО ГАРАШИЙГ: 156 сая 250 мянган төгрөгөөр
ХОЁР ДАХЬ БАЙРЫГ : 2 тэрбум, 812 сая, 500 мянган
АВТО ГАРАШИЙГ: 312 сая 250 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ.
Эдгээрийн нийлбэр нь, 4 тэрбум 687 сая 250 мянган төгрөг болж байгаа нь тэр. Уг байруудыг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, ашиглалтын зардлыг байгууллагаас бүрэн хариуцаж ирсэн нь анхаарал татна.
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар,“Жарден” хотхоны дээрх пентхаусуудад “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх  захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал асан Б.Шинэбаатар нар худалдан авчээ. Гэвч Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал болонгуутаа өөртөө 01 тоот тушаал гаргаж, 300 сая төгрөгөөр LEXUS 570 автомашин худалдан авсан, дараа нь 2017 оны дөрөвдүгээр сард өөрийн амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулсан Х.Бадамсүрэнгийн талаар шуугиан намжаагүй байсан үе таарчээ.
Тиймээс олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийж, байруудыг шууд ашиглаж чадаагүй байна. Үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэж, ашиглалтын зардлыг нь  “Эрдэнэт”-ээс төлүүлдэг аж.  Байруудад хүн амьдраагүй, шинээрээ байгаа талаар эх сурвалж тодотгож байна.
 
Хачирхалтай нь, уг байруудыг худалдан авах асуудлаар “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд тухайн үеийн ТУЗ-өөсөө ямар ч зөвшөөрөл аваагүй. Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт ч мэдэгдээгүй байна. Уг асуудал 2018 онд  шалгалтаар илэрч байсан ч зөрчлөө арилгаагүй, өдийг хүрчээ.
Саяхан нэгэн сумын засаг дарга өөрт нь машин худалдан авахаар төсөвлөсөн 45 сая төгрөгийн зориулалтыг өөрчлүүлэн, нэмж 200 сая төгрөг олж, 75 хүүхдийн цэцэрлэгийг сумдаа бариулсан талаар хэвлэлүүд онцолсон.
Энэ тооцооллоор үзвэл, ердөө хоёр даргын тансаг амьдрах пентхаусын 4.7 тэрбум төгрөгөөр ийм хэмжээний 19 цэцэрлэг барих юм. Цэцэрлэгт 75 хүүхэд хамрагдана гэж тооцвол хөдөөгийн сумдын  нийт 1400 орчим үрсийг цэцэрлэгээр хангана гэсэн үг.