<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Төрийн банкны захирлуудын 98 мянган ам.долларын хэрэг прокурорт шилжжээ
featured

Төрийн банкны захирлуудын 98 мянган ам.долларын хэрэг прокурорт шилжжээ

 Төрийн банкинд ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёстой үйлдлээ хийсний хариуд 98.000 ам.доллар хахуульд авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгийг өнөөдөр АТГ-аас мэдээлсэн тайландаа дурдсан.

Тэгвэл уг хэрэгт тус банкны өмнөх гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт багтсан тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарыг яллагдагчаар татаад буй. Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт сэжиглэн шалгаж, мөрдөн байцаалт нь дууссан байна.

Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллагаар зарлагдсан Төрийн банкны захирал, орлогч нар хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээлэл өмнө нь хэвлэлүүдээр цацагдаж хэсэгтээ дуулиан болсон билээ. Тухайн үед Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сард 15 сая, жилд 180 сая төгрөг, тэргүүн дэд захирал Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг. Эдгээр албан тушаалтны сарын цалин нь Монгол Улсад мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм.

Ийм хэмжээний цалингаасаа гадна 250 сая гаруй төгрөгийн авлига авсан гэх асуудал өнгөрсөн намраас эхлэн дээрх дуулианы үргэлжлэл болон хөврөв.

2018 оны аравдугаар сарын 23-ны орой АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны нийт нэр бүхий зургаан хүнийг баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 461 дүгээр ангид хорьсон ба саатуулах 48 цагийн хуулийн хугацаа дуусч суллагдсан. Харин Нийслэлийн прокурорын газрын саналын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банкны удирдах ажилтнуудад хамаарах хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Шүүхээс тус банкны “Хараа” тооцооны төвийн захирал ажилтай Б.Энхбаатарт Монгол Улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, мөн Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гарч байв.

Төрийн банкны удирдлагууд хувьчлалын сургаар хөрөнгийг нь үрэн таран хийж байгаа тухай шүүмжлэлүүд өнгөрсөн жилүүдэд хэвлэлүүдээр цөөнгүй гарч байлаа.

Эрх бүхий албан тушаалтнуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг хууль бусаар зарцуулдаг албан тушаалтнууд, гадаадын компанид давуу эрх олгон их хэмжээний зээл олгосон ерөнхий захирал Д.Баярсайхан гэх мэт Төрийн банкны удирдлагууд орооцолдсон хэргүүдээс эрх мэдэл албан тушаалаа урвуулж, хээл хахууль авсан гэх гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын 98.000 ам.долларын хэрэг ийнхүү АТГ-аас прокурорын байгууллагад шилжжээ.