<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Завханы Хөгжим бүжгийн коллежийг нэрт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын нэрэмжит болгов
featured

Завханы Хөгжим бүжгийн коллежийг нэрт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын нэрэмжит болгов

Завхан аймаг дахь СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын нэрэмжит болгосон юм. 

Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж Завхан аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг, Билэгжаргал сангийн тэргүүн Б.Мөнхманлай, хөгжмийн зохиолч С.Тараа, н.Бадарч, Ц.Жамъян, Яруу сумын Засаг дарга Д.Мөнхтөр, Улиастай сум дахь нутгийн зөвлөлийн дарга Б.Мэндбилэг нар оролцлоо. Энэ үеэр СУИС-ийн Хөгжим бүжгийн коллежийн оюутан суралцагчид хүндэт зочдод өөрсдийн уран бүтээлийн дээжээс хүргэлээ. 

Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллежийн захирал Ш.Энхжаргал: “СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж энэ өдрөөс эхлэн нэрт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын нэрэмжит сургууль болж, энэ хүнээр овоглож явах хүндтэй үүргийг хүлээн авч буйдаа баяртай байна.

Монгол Улсад ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд баруун бүсийн аймгуудын мэргэжлийн урлагийн театр, чуулгуудын уран бүтээлчдийг бэлтгэх зорилгоор байгуулж байсан манай сургууль өнөөдөр ч хөдөөд соёлын үрийг тарьж байна. Өнөөдрийн байдлаар манай сургуульд баруун зургаан аймгийн 200 орчим сурагч, оюутан суралцаж байна. Баруун бүсийн театр чуулгуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд СУИС-ийн сургалтын баримт бичгийг үндэслэн үндэсний язгуур урлаг, багш урлагийн боловсрол хөтөлбөрөөр дээд боловсролын мэргэжилтэн бэлтгэж байна.

Өнөөдөр бидний хамт олон үр дүнд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, сургалтын материаллаг баазыг орчин үеийн техник технологиор шинэчлэх улмаар элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зэргээр сургуулийнхаа хүрээг өргөжүүлэх бодлого боловсруулан ажиллаж байна. Манай сургуулийг зорьсон хэн боловч бидний өргөөнд саатан тухалж, урлагийн ертөнцөөр аялж, оюуны мэдрэмжээ хөгжүүлж, урлагийн мэргэжлийн боловсон хүчин болоход Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын нэрэмжит манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бид нэрт хөгжмийн зохиолчийнхоо зохиол бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, баяжуулах, түүний хөгжмийн урлагийг үргэлжлүүлэн хүргэх хариуцлагатай үүргийг хүлээн авлаа. Та бүхэндээ баярлалаа” гэв.

Дашрамд дуулгахад, Халтарын Билэгжаргал нь 1954 онд тухайн үеийн Завхан аймгийн Чандмань-Өлзийт (одоогийн Яруу) суманд төрсөн. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөж, 1972-1976 онд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, дараа нь ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид 1976-1982 онд Б.Гибалинаар, 1982-1984 онд А.Неминскийгээр багшлуулж төгсчээ. 1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч, 1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаачаар ажиллаж байжээ.

Түүний "Ламбугайн нулимс", "Гэрэл сүүдэр" дуурь,  "Бөртэ чоно" балет, "Ховор хүмүүс" киноны хөгжим, "Атга нөж" жүжгийн хөгжим "Цахилж яваа гөрөөс" киноны дуу, "Миний Монгол", "Сүүтэй цагаан аялгуу" романс, "Зүүдний хайртай нутаг" дуу гэх зэрэг хөгжмийн зохиолын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан олон арван бүтээл туурвилууд бий.

Таг: