<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Халуун сэтгэл in Japan” ТББ-ынхан амаржих газруудад хандив гардуулав
featured

“Халуун сэтгэл in Japan” ТББ-ынхан амаржих газруудад хандив гардуулав

Япон улсад суралцаж, ажилладаг монголчуудын төлөөлөл “Халуун сэтгэл in Japan” ТББ-ын хамт олон нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭХЭМҮТ, Багануур, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлалаа.

 Эдгээр залуус эрүүл мэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хандивлах зорилготой “МИГЭН-япон хэлнээс орчуулбал миннадэ гэнки буюу бүгдээрээ эрүүл байцгаая” аяны хүрээнд энэхүү сайн дурын ажиллагааг зохион байгуулжээ.

Тус ТББ 2012 онд байгуулагдсан, 200 гаруй гишүүнтэй, 90 хувь нь оюутнууд бөгөөд сургууль, ажлынхаа хажуугаар сайн дурын ажил, хоол хийж зарсан орлогоороо энэхүү аяны санхүүжилтийг төвлөрүүлдэг байна.

 “Халуун сэтгэл in Japan” ТББ-ын Монгол дахь гишүүн М.Баяржаргал ярихдаа, “Манай байгууллага жил бүр сайн дурын аяныг зохион байгуулдаг. “Дулаан өвөлжье” аяны хүрээнд зудад нэрвэгдсэн хөдөө орон нутгийн малчид болон ТӨҮК-ийн ажилтнуудад хувцас, хичээлийн шинэ жилийн үеэр алслагдсан сургууль болон асрамжийн газар, халамжийн төвийн хүүхдэд зориулан хичээлийн хэрэгсэл хандивладаг. Мөн Японд сурч, ажилладаг залуус тус улсад жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг монголыг сурталчлах “Хаврын баяр” өдөрлөгийн үеэр хуушуур хийж борлуулан, олсон орлогоороо эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлдэг. Энэ жилийн аяны хүрээнд нийслэлийн амаржих газруудад хөхний гар саалтуур 65 ширхэг, зайнаас халуун хэмжих 35 багажийг хандивлаж байна” гэв.

 Мөн тэрбээр Японд сурч, ажилладаг залуусын төлөөлөл Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл чийрэг өсч торнин, иргэд өөрийн гараар сайхан амьдралыг цогцлоон бүтээж байгаасай хэмээн энэхүү төслийг цаашид үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн юм.

 Энэ удаагийн хандивын аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд өмнө нь нийт 11 сая төгрөгийн үнэ бүхий нярайн судас тодруулагч аппарат, тариурын зүү устгагч аппарат зэргийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн 42 эмнэлэгт хандивлаж байжээ.

Таг: