<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Монгол Улсын консерваторийн байрны өргөтгөлийг ирэх онд шийдвэрлэнэ
featured

Монгол Улсын консерваторийн байрны өргөтгөлийг ирэх онд шийдвэрлэнэ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Монгол Улсын консерватори /Хөгжмийн дээд боловсролын байгууллага/-тай өнөөдөр танилцах үеэрээ дотуур байрны барилга болон сургалтын хэрэглэгдэхүүний төсвийг ирэх оны төсөвт суулгах боломжтой гэж үзлээ. 

Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй 1937 онд анх байгуулж байсан Хөгжим бүжгийн коллежийг 2017 онд ангилал ахиулж, консерватори болгосон юм.

Бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй дээд сургууль болгох ажлын хүрээнд хийсэн ажлаа захирал Ц.Пүрэвхүү, дэд захирал Ш.Ариунаа нар танилцуулж, бүрэлдэхүүний дөрөв болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууд уулзалтад оролцов.

Уулзалтын дараа консерваторийн дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн зарим анги, бүжиг, тоглолтын танхимтай танилцлаа.

Консерваторийн хувьд корпус гурван байртай. Хичээлийн хуучин байр нь 1962 онд баригдсан бол сурагчдын байр, гал тогооны хэсэг нь 1967 онд ашиглалтад оржээ. Цаашид гал тогоо байдаг хэсгийг буулгаж, оронд нь Олон улсын циркийн сургууль болон сурагч, оюутнуудын дотуур байрны цогцолбор байгуулах ажлын зургаа гаргасан байна. Өнөөдрийн байдлаар, тус сургуулийн дотуур байранд 76 сурагч, оюутан амьдарч байна. Дотуур байрны нөхцөл муугаас гадна бүтэн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байгаа нь үнэхээр чамлалттай гэдгийг санхүүгийн ажилтнууд нь учирлаж байлаа.

Консерваторийн хувьд, сургалтын хэрэглэгдэхүүн нь хөгжмийн зэмсгүүд байдаг онцлогтой. Сургалтын хэрэглэгдэхүүн, ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй байгаа нь анхаарах асуудлын нэг ажээ.

 

Таг: