<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр
featured

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

 Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Манай улс 2003 оноос тэмдэглэж ирсэн юм. Тухайн онд УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм. Энэ уламжлалаар өнөөдөр “21 зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсын “Улаанбаатар” их сургууль, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.  

Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

  Өнөөдөр болох эрдэм шинжилгээний бага хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцэх талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлж байна. Шалгарсан илтгэлүүдээр ном гаргажшийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын бүтээл болгох аж. 

 Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “D&S” төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар болсон.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон, нөлөөллийн судалгаагаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол улсад согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй, ахуйн хүрээний архидалт ихссэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсон. Мөн Монголчуудын шар айргийн хэрэглээ 2, архины хэрэглээ 1.6 дахин нэмэгдсэнийг энэхүү судалгаа илтгэжээ. Архи согтууруулах ундааны үнэ өссөн ч хэрэглээ буурахгүй зүй тогтол байгаа нь үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүй хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж буйн нотолгоо гэж Үндэсний статистикийн хороо онцолсон нь Монголын нийгэмд ажилгүйдэл их, гэр бүлийн тогтворгүй байдал түгээмэл, иргэдийн олонх нь сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг үндсэн шалтгаанууд АРХИНЫ ХАМААРЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БУЙ АЮУЛ гэж үзэх үндэстэй байна.

Иймд жил бүр ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ АРХИГҮЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх уриалгыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргажээ.

Энэхүү  тэмдэглэлт өдрийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс Улаанбаатар хот болон салбар аймгуудаараа дамжуулан аймаг, сумын Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Өсвөр үеийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд бусад ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Таг: