<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Малайзад 13 жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан Монгол бүсгүйн хэргийн ээлжит шүүх хурал эхэлжээ
featured

Малайзад 13 жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан Монгол бүсгүйн хэргийн ээлжит шүүх хурал эхэлжээ

Малайзад 13 жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийн ээлжит шүүх хурал өчигдөр Малайзын Шах Аламын дээд шүүхийн байранд эхэлжээ.

Талийгаач нь 2006 онд Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак болон түүний хамтрагч, улс төрийн шинжээч Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байгаад хэрцгийгээр хөнөөгдсөн байдаг. Түүнийг толгойд нь буудан, биед нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг бэхлэн, ойд аваачиж дэлбэлж хөнөөсөн юм.

Нажиб, Багинда нар нь тухайн үед Францаас шумбагч хөлөг онгоц худалдан авах нэрийдлээр улсаас их хэмжээний мөнгө завших гэж байсан ба тэрхүү хууль бус гэрээний орчуулагчаар нь талийгаач ажиллаж байсан гэдэг. Аллагыг гардан гүйцэтгэсэн этгээдүүд нь ерөнхий сайд асан Нажибын туслахаар ажиллаж байсан цагдаа нар болох Сирул Азхар Умар, Азила Хадри нар байсан нь тогтоогдсон. Хохирогчийн талаас аллагын гол захиалагч нь Багиндаг гэж сэжиглэж байгаа төдийгүй экс ерөнхий сайд Нажибыг ч энэ хэрэгт холбоотой гэж үздэг. Тэгвэл өчигдөр шүүх хурал дээр Разак Багиндагийн нарийн бичгээр ажиллаж байсан Сити Айся Мохд Азлан гэгч эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр талийгаачийг амиа алдсаны өмнөх өдөр Багинда болон Ш.Алтантуяа нар уулзсан тухайгаа ярьжээ.

“Багинда 2006 оны арваннэгдүгээр сарын 11-нд өрөөндөө дуудаад таагүй зүйл болсон талаар хэлсэн. Тэр надад Амина /Алтантуяа/ нас барсан байна. Азила түүнийг хөнөөчихөж гэж хэлсэн. Түүнээс өмнө Ш.Алтантуяа манай ажил дээр дөрвөн удаа ирж байсан. Гэхдээ нэг удаад нь л Багиндатай уулзсан. Тухайн үед тэд гурван минут орчим ярилцсан бөгөөд би тэдний яриаг хальт сонссон. Багинда би чамд ямар ч хамаагүй. Чиний юу хийх надад хамаагүй гэж Ш.Алтантуяад хэлсэн. Тэгээд Багинда эргээд өрөөндөө орж ирсэн. Ш.Алтантуяа ажлын гадаа байж байгаад яваад өгсөн.

Багинда ч удаагүй ажлаас гараад явсан. Түүний дараа Ш.Алтантуяа гурван удаа ажил дээр ирсэн. Гэхдээ Багинда түүнтэй уулзаагүй учир надад зурвасууд үлдээсэн. Түүнийг нь би Багиндад дамжуулж өгч байсан” хэмээн мэдүүлсэн байна. Тэрбээр мөн Багинда нь Азилаг гэр бүлийнхэн болон орон байраа хамгаалуулах гэж хөлсөлдөг байсан ч Ш.Алтантуяаг хөнөө гэж тушаагаагүй гэж хэлж байсан" хэмээн хэлжээ.

Багиндагийн өмгөөлөгч түүнээс Багинда талийгаачтай уулзаж байхдаа түүний биед халдах, үг хэлээр доромжлох үйлдэл гаргаж байсан эсэхийг асуухад “Огт тийм зүйл ажиглагдаагүй” гэж хариулсан байна. Шүүх үргэлжилж байна.