<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховдын иргэд хөдөлмөрчидтэй уулзав
featured

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховдын иргэд хөдөлмөрчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5-р сарын 13, 14-нд Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр  албан айлчлалынхаа эхэнд БОЭТ-ийн үйл ажиллагаа, Бельги, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Улмаар шинээр баригдах 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон юм. Ерөнхий сайдын ажлын хэсэгт Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Б.Пүрэвдорж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарын тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нь 40 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилдээ 1800 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний гаралт ихэссэн, хэт ачааллын үед 80-100 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлага гардаг байна. Тиймээс Халдвартын болон Харшлын тасагт хэвтүүлэн эмчилгээ хийдэг талаар эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Ийнхүү Улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулснаар алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, БОЭТ-ийн тасаг кабинетүүдийн хүрэлцээ хангамж сайжрахаас гадна хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайдын ажлын хэсгийнхэн, аймаг орон нутгийн удирдлагууд, БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Тус эмнэлгийн барилгыг “Мотоблок” ХХК 2019 онд барьж гүйцэтгэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа гэлээ.
 
. Энэ үеэр орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Иргэдийн зүгээс орон нутагт эрэлт хэрэгцээтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх замаар залуучуудыг ажлын байраар хангах, алслагдсан бүсийн зарим сумын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, орон нутагт барьж буй орон сууц, барилга байгууламжийн  чанарыг сайжруулахад анхаарах, малын гаралтай түүхий эд болон мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийг тогтвортой болгох зэрэг  санал уламжлав.    

 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлдээ, Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосныг онцлоод, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүртээмжийг шинэ шатанд гаргахад анхаарч, улмаар албан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэлээ.
Мөн хоёр дахь удаагаа Ховд аймагт ажиллаж, орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж буй Eрөнхий сайд У.Хүрэлсүхэд нутгийн иргэд талархаж байв.