<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Шархдаж, сүргээсээ хоцорсон хотон шувууг өвөлжин бөөцийлжээ
featured

Шархдаж, сүргээсээ хоцорсон хотон шувууг өвөлжин бөөцийлжээ

 Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэгийнд хотон шувуу өвөлжсөн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-нд Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан хотон шувуу байгааг байгаль хамгаалагч олжээ.   Тухайн үед хотон шувууны зүүн далавч болон хөл нь гэмтсэн, нисэх чалахгүй байсан аж. Түүнийг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авсан байна. Шувууг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт  6 сарын турш өсгөн тэжээж байна. Айлд өвөлжсөн хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай аж. Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон  энэ шувуунд “Азхүү” гэсэн нэр өгчээ.

Азхүү хэмээх азтай шувуу өдөрт  3-4 загас иддэг. Анх олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ.  Шувууг хооллох, усанд оруулах,арчилж маллах тал дээр мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын зөвлөмжийн дагуу экологич Ц.Ганболдын гэр бүл хариуцан ажиллаж байна. Хоёр өнжөөд  ванны усыг сольдог гэнэ.  Аврагдсан шувууг зургадугаар сард шувуу ирэх цагаар  Хар-Ус нуур  орчимд  тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлнэ гэж сайхан сэтгэлт хүмүүс ярьж байна.