<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн номын өдөр Үндэсний төв номын сангийн ажилтай танилцав
featured

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн номын өдөр Үндэсний төв номын сангийн ажилтай танилцав

 Өнөөдөр Дэлхийн номын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүс Үндэсний төв номын сангийн ажилтай танилцлаа.

Монголын Үндэсний номын санг 1954 онд барьсан. Одоогоос 10 жилийн өмнө уг барилга ашиглалтын шаардлага хангахгүй цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч гаргасан байдаг. Үндэсний номын санд Монголын алдар суутнуудын үе үеийн шилдэг бүтээлүүд хадгалагддаг. Зөвхөн Төвд судлалын номын санд л гэхэд 1 сая 500 гаруй баринтагтай ном байна.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо ховор өвийг Ерөнхий сайдад дэлгэн танилцуулж, “Богдын номын сангийн үндсэн дээр анх 1921 онд байгуулсан, 100 жилийн түүхтэй номын санд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ирж байсан. Харин Ерөнхий сайд сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа манай номын санд ирж байна” гэдгийг онцлов. Мөн  Үндэсний номын санд өдгөө мэргэжлийн 54 хүн ажилладаг. Үндсэн орон тоо 82 хүнтэй ажиллах ёстой. Номын сангийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгаа бөгөөд номын сангийн доод давхарт байрлах архивын хэсэгт дээврээс нь чийг нэвтэрдэг болсноо ч хэлэв. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Номын сангийн шинэ барилгын ажлын санхүүжилтийг яаралтай шийднэ. Сүүлийн 30 жилд  монголчуудын оюуны соёл, боловсролд нь анхаарах ажлаа орхигдуулсан байна. Тиймээс энэ бүхнийг нөхөж хийх зайлшгүй шаардлагатай" гэв. Үндэсний номын сангуудыг АНУ-ын дэмжлэгтэйгээр цахим болгож байна. Ингэснээр ховор үнэт номыг дэлхий даяар зэрэг уншиж танилцах, судлах боломж бүрдэх юм" гэлээ.