<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж буй "UB Construction" ХХК-ийн 2.5 га газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа
featured

Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж буй "UB Construction" ХХК-ийн 2.5 га газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа

 Сүхбаатарын талбайд авто зогсоол ажиллуулж буй "UB Construction" ХХК-ийн 2.5 га газар эзэмших эрхийг өнөөдөр цуцаллаа. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тухайн газрын нөхцөл байдалтай танилцах үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

 Түүний ярьснаар,"Сүхбаатарын талбайн тал шахуу хэсгийг “UB construction” ХХК-д олгох захирамж 2006 онд гарчээ. Тухайн үедээ энэ газар усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулсан юм байна. Гэтэл энэхүү газрыг эзэмшсэн компани өнөөдрийг хүртэл зориулалтаар нь ашиглаагүй. Өөрөөр хэлбэл, усан оргилуур бүхий байгууламж бус, 2016 онд автомашины зогсоол байгуулсан" аж. С.Амарсайхан дарга хэлэхдээ "автомашины зогсоол байгуулахдаа, ашгийн 30 хувийг нийслэлд олгохоор гэрээ байгуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэлд нэг ч төгрөгийн ашиг өгөөгүй байна. Түүнчлэн энэхүү газрыг 2017 онд барьцаалж банкнаас 9.5 сая ам.долларын зээл авсан байна.  Тиймээс энэхүү газрын зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цуцаллаа” гэв.

 Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад тэрээр хариулав.

 - Газрын зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцэж байгаа юу?

-Энэхүү газрыг авах гэрээ хийхдээ хоёр жилийн дотор зориулалтын дагуу ажил явуулах ёстой байсан. Хуулийн дагуу тухайн компанид мэдэгдсэн. Энэхүү автомашины зогсоол байгаа газар нийслэлийн хөрөнгөөр усан оргилуурын  байгууламжтай болно. Энэ тоосжилттой үед төв талбайдаа суух сандал ч ховор байна.

 -Төр, захиргааны байгууллагын өмнөх удирдлагын буруу шийдвэрээс болж ААН хохирч байна?

-Төр, захиргааны байгууллагын удирдлагын харалган шийдвэрээс болж ААН хохирдог. Энэ асуудлыг цэгцлэх гэж оролдож байна. ААН-үүд ажил хийнэ гээд газар авчихдаг. Гэтэл зориулалтаар нь ашигладаггүй. Хууль бус гэхэд хэцүү, хуулийн дагуу гэхэд ойлгомжгүй асуудал үүсдэг. Эцэст нь ААН хохироод, тухайн албан тушаалтан алга болдог. Албан тушаалтнууд цаашид буруу бодлого, шийдвэр гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.

 -Зогсоолыг буулгах уу?

-Өнөөдөр газрын эрхийг цуцлах захирамж гарсан тул газрыг чөлөөлнө. Дараа нь нийслэлийн хөрөнгөөр усан оргилууртай байгууламж барина.

 -Банкны барьцаанд байгаа мөнгийг хэн төлөх вэ?

-Тэр мөнгийг төлөх нь тухайн компани, банк хоёрын асуудал. Нийслэлд хамаагүй.

 -Энэ газрыг эзэмших зөвшөөрөл нь ирэх онд дуусах байжээ. Төр хувийн хэвшлээс газрыг нь шууд авчихаж болох уу?

 -Газар эзэмшихдээ гэрээнд зааснаар зориулалтаар ашиглаагүй. Усан оргилууртай байгууламж барина гэсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Хамгийн гол нь жуулчин олноор ирдэг төв талбайд ганц стандарт хангасан төвийн шугаманд холбогдсон ариун цэврийн газар байгуулъя гэхэд газар олдохгүй байгаа. Гэтэл төв талбайд нэг компани зориулалтын бусаар автомашины зогсоол болгоод байж болохгүй.