<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан хүмүүсийн цогцос солигджээ гээд яриад өнгөрөх үү
featured

Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан хүмүүсийн цогцос солигджээ гээд яриад өнгөрөх үү

Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн хүн амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач нарыг хөдөөлүүлэх явцад цогцос солигдсоныг ар гэрийнхэн нь мэдэж холбогдох байгууллагад мэдээлжээ.

Дээрх асуудлаар ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд ярихдаа “2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн хүн нас барсан. Хэргийн газарт НЦГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээч нар ажилласан. Хэргийн газар цогцос таниулах үйл ажиллагаа явагдаад уг цогцсыг уутанд хийж уутны гадна талд талийгаачдын овог, нэр дугаарыг нааж манай байгууллагад ирүүлсэн.

Талийгаач нарын цогцсыг сольсон харамсалтай явдал болжээ. Үүний дагуу манай Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж байна. Ямар албан тушаалтан хариуцлагагүй хандсан бэ гэдэгт шалгалт хийж байгаа. Хариу гарахаар хариуцлагын асуудал яригдах байх. Талийгаачдын нэр хаана солигдов гэдгийг тогтоохоор  цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Осол болсон хэргийн газрын өтгөн лаг дотроос цогцсыг гаргаж авсан" гэдгийг онцолсон. Түүний ярьж буйгаар,цагдаагийн байгууллагаас талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагааны дараа ар гэрт нь таниулах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй аж. "Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрөгч баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан. Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна. Манай бүх үйл ажиллагаа хяналтын камерт бичигддэг. Гадна үзлэг хийх явцад нэр хаяг солигдсон зүйл байхгүй байгааг одоогийн байдлаар тогтоогоод байна" гэж ярив.

 Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 30-35 насны залуусын гэр бүл уй гашууд автаж байхад төрийн өмнөөс ажиллаж байгаа хүмүүс ийм хариуцлагагүй байж болох уу. Арай л биш юмаа. Тэдний  ар гэрт тус бүр хоёр өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээ чихэнд зөөлөн сонсдов. Бас талийгаач нарын ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхдүүдийг сургуулиа төгсөх хүртэл нь хичээлийн хэрэгслээр хангахаар болсон гэх мэдээ сонор баясгав ч цогцсыг солиод нутаглуулсан гэх гомдол сэтгэл урвуулна. 

Албаны хүмүүсийн ярьж буйгаар,Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан ажлын  байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан осол бохир хүлээн авах анхдагч тунгаагуурын байгууламж дотор болсон. Ажилчид бохир сорох хоолойг цэвэрлэж байжээ. Энэ үеэр метан хий бага зэрэг алдагдаж байсан тул хий алдаж байсан хэсгийг чангалахыг оролдох үедээ ажилчид метанд хордон ухаан  алдсан байна. Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойг 24 цагт хоёр удаа цэвэрлэдэг юм байна. Осол гарлаа гээд энэ ажлыг зогсоохгүй. Их хотын бохир цэвэрлэх төв рүү урссаар байгаа болохоор ажил тасралтгүй үргэлжлэн хийгдэнэ. Өнөөдөр ч залуус тэр ажлыг хийж л байгаа. Анхаарал болгоомжтой байгаарай,залуус аа. Үүнийг  хүн болгон тэдэнд сануулж байна.