<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Уяачдын шинэ холбооныхон анхдугаар их хурлаа энэ сарын 27-нд Төрийн ордонд хийхээ зарлав
featured

Уяачдын шинэ холбооныхон анхдугаар их хурлаа энэ сарын 27-нд Төрийн ордонд хийхээ зарлав

“Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” /МҮМУУХ/ ТББ-ын анхдугаар их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 27-нд Төрийн ордны Их танхимд хийхээр товложээ. Энэ тухай уг хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Ариунболд нарын хүмүүс “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд өнөөдөр танилцууллаа. Анхдугаар их хуралд нийт уяач, малчин нээлттэй оролцох боломжтой бөгөөд ямар нэгэн хураамж, такс төлөхгүй аж. Харин Их танхимын суудал хязгаартай тул 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл төлөөлөгчдийн бүртгэлийг хааж, 4 дүгээр сарын 26-ны өдөр мандат олгох аж.     

МҮМУУХ ТББ үндэсний их баяр наадам буюу улс, аймаг, сум, дүүргийн баяр наадмаар зөвхөн монгол адуугаа уралдуулах зорилготой аж. Тэд "Цаашдаа монгол адуунаас эрлийз адууг ялгахын тулд, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу, төрөөс монгол малын генетик нөөцийг бүрдүүлж, удам зүйн түвшинд бүртгэлжүүлж, уралдах бүх морийг ойрын 2-3 жилд паспорт олгоно. Шинжлэх ухааны хувьд, эрдэмтэд монгол адуунаас эрлийз адууг ялгахад 99,98 хувийн магадлалаар ялгах бүрэн боломжтой. Хамтдаа хурдан морины уралдаанд тулгарсан сорилтуудыг даван туулах учиртай. 1990 оны үед хурдан морины уралдаанд тулгарсан нэг асуудал нь дутуу эргэх оролдлого байсан. Үүнийг тухайн үеийн зүтгэлтнүүд маргаангүй, эрсдэлгүй шийдвэрлэж /Гарааны төхөөрөмжтэй болсон/ чадсан" гэлээ.

 Манай ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон Монгол наадам бол үндэсний уламжлалт соёлын өв бөгөөд зөвхөн хурдан морины уралдаан, тэмцээн, спорт биш. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад Монгол наадам соёлын биет бус өвийг бүртгүүлэхдээ, “Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байсан. Улмаар эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон бөгөөд хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг” хэмээн бүртгэсэн байдгийг ч онцлов.  Энэхүү анхдугаар их хурлаар холбооны дүрэм, салбар холбоо байгуулах эсэх, холбооны ерөнхийлөгч сонгох, “Уяачдын зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүдийг сонгох, үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналыг хэлэлцэнэ. Монгол адууны төлөө зүтгэх сэтгэл зүрхтэй хүн бүр оролцоход нээлттэй гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байв.

 Дашрамд дуулгахад, Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг ахалж, гишүүд нэг удаа хуралджээ. Тэд хуулийн төсөлд дараах нэмэлтийг оруулах хүсэлтэй байгаа аж. Тухайлбал, Баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх, уяачдад учруулсан хохирлыг буруу шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд төлөх, морь унах чадамжгүй хүүхдээр морь унуулснаас хүүхэд ойчин, морь хадуурдаг тул уяачид ч хариуцлага хүлээх механизмыг шинэ хуулийн төсөлд тусгах, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах даатгалын нөхөн төлбөрийг нэмэх, Үндэсний их баяр наадам бус, бүх шатны уралдаанд зөвхөн монгол адууг уралдуулан монгол дархлааг хадгалах, мөн уралдааны дараа морины үүлдрийг дахин тогтоохдоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод харуулах, хэн яаж тогтоож буйг үзүүлэх, хурдан морь унах хүүхдийн насны доод хязгаарыг нэмэхгүй байх зэрэг аж.

Учир нь тухайн хүүхэд хэдэн настай байх нь гол асуудал биш, тухайн хүүхэд 4-5 настайгаа морь унасан буюу тодорхой туршлага хуримтлуулсан байх нь чухал бөгөөд 7-гоос дээш настай хүүхэд хурдан морь унахад хэцүү хэмээн Ажлын хэсгээс үзэж байгаа аж.

Таг: