<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Хятадуудын тарьсан "хорт" ногоог идмээргүй байна, С.Амарсайхан дарга аа
featured

Хятадуудын тарьсан "хорт" ногоог идмээргүй байна, С.Амарсайхан дарга аа

Улаанбаатарчууд угаасаа их үйлтэй “амьтад” бололтой. Өвөлжингөө угаартаж, уушги гээч эрхтэний асуудалд улсын маань нийт хүн амын тал нь өртчихөөд байхад хотын дарга үл анзаарсан гэвэл би л лав итгэхгүй. Ашгүй нэг урин болж, утаа угаарнаас 50 хувь ч болтугай холдуулдаг улирал айсуй хэмээн сэтгэл амсхийх энэхэн цагт хотын дарга С.Амарсайхан нийслэлээс 50 га газарт Агро парк байгуулж Хятадын Тяньжин фүүдс  гэдэг төрийн өмчийн компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төсөл эхлүүлэхээр шийдвэрлэчихлээ. Угтаа уг асуудлыг  НИТХ-ын тэргүүлэгчдээр 2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэгдээд дэмжигдээгүй юм гэсэн.  Гэтэл хурлын дараа нийслэлийн Засаг дарга ийм шийдвэр гаргаад явуулчихжээ.

Хүлэмжийн аж ахуй хөгжвөл хэрэгтэй. Нарийн ногоогоо өөрсдөө тариалаад хэрэглэдэг болчихвол түүн шиг сайхан “дэвшил” гэж хаа байхав. Гэвч Хятадын Тяньжин фүүдс компаниар хүлэмжийн аж ахуйг эрхлүүлэх төслийн хүрээнд ОХУ-д тохиолдсон шиг явдал өнгөтөөрөө өрнөнө гээд мөрийцөхөд ч бэлэн байна.   Тодруулбал, “Хойд хөршийн Иркутск хотод  хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьдаг байсан Хятадын тариаланчдын үлдээсэн газрыг нь цэвэрлэж байсан Оросын онцгой байдлын ажилчид маск зүүсэн байсан ч хордож ухаан алдаж байсан байна. Хөрсөнд төрөл бүрийн химийн бордоо, будагч, хурдан өсөлтийн бодиснууд гүн шингэжээ. Энэ хордсон газрыг дахиж ашиглах боломжгүй”  гэх мэдээг эрхбиш үзсэн л байлтай.

ХАА-н чөлөөт бүс нэрээр хятадуудын авсан Монголын Дорнодын 300.000 га газар аюултай байдалд орж дээ гэж бодмоглож дуусаагүй байхад,  нийслэлийн Сонгино хайрхан дүүрэгт  50 га газарт хүлэмж бариулах тухай асуудал үндсэндээ шийдэгдчихэж. Мэргэжилтний хэлснээр бол 50 газар тариалах нарийн ногоо нийслэлчүүдийн хэрэгцээний 90 хувийг өлхөн хангах юм гэсэн. Товчхондоо хилийн чинадаас наймаачдын зөөвөрлөдөг байсан химийн бордоогоор “бойжсон” хүнсийг бид хаяандаа тариалж, хамтаараа хордох нь ээ л гэсэн үг. Харх гэж хачин амьтан ямар ч аюултай хүчтэй хоронд даан удалгүй дасчихаад хээв нэг амьдраад байдаг юм гэсэн. Хаарин энэ удаад хотын дарга нийслэлчүүдээ хархтай андуурчих шиг л боллоо. Харх атаархам тавиланд минь хандив болохуйц туршилт битгий хийлгээч хотын дарга аа...