<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хаврын хуурайшилтын улиралд галын аюулаас сэрэмжил
featured

Хаврын хуурайшилтын улиралд галын аюулаас сэрэмжил

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.

Тухайлбал, энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг Гоодойн аманд мөн л  шар өвс шатаасны улмаас түймэр гарч, 10 айлын байшин шатав.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал.

Хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан  нийслэлчүүддээ  хандан уриалга гаргав.

  • - Хуурайшлын улирал дуустал аялал зугаалгаар ой хээр, уулын бүсэд явахгүй байх, зайлшгүй явсан тохиолдолд ил гал гаргахгүй байх
  • - Ойн бүс бүхий орчинд тамхи татахгүй байх
  • - Гал гарах нөхцлийг үүсгэж болзошгүй үнс нурам, хог хаягдлыг  бүрэн унтраалгүй хогийн цэгт хаяхгүй байх
  • - Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • - Цахилгаан хэрэгсэл ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • - Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх зэргээр хүний хүчин зүйлээс хамааралтай галын аюул гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, гал түймрийн осол гамшгаас сэрэмжлэхийг нийт иргэддээ уриалж байна.