<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмнэ
featured

Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан эхчүүдийн тэтгэврийг нэмнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. 1990 онд баталсан Тэтгэврийн хуульд, "Төрүүлсэн болон үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэжээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр, 1991 онд 32.8 мянган эх тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь албадах шахам тэтгэвэрт гаргасан байна. Тодруулбал, энэхүү заалтын дагуу 15.4 мянган ээж тэтгэвэр тогтоолгожээ. Нийгмийн даатгалын газраас 2018 онд гаргасан судалгаагаар дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь 280 мянган төгрөг, 7.6 мянга нь 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд улсын дунджаар тооцон тэтгэвэр олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор дундаж тэтгэврийн хэмжээ 342 мянган төгрөг байгаа юм.

 Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахмадуудын тэтгэврийг 20, 30 мянган төгрөгөөр нэмэх бус нэг мөр 500 мянган төгрөг болгох боломжтой эсэхийг тодруулав. Мөн тэрбээр тэтгэврийг бага багаар нэмэх нь ахмадуудын амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлж чадахгүй байгааг онцлов.

 ХНХ-ын сайд С.Чинзориг, “Нийгмийн даатгалын салбарын багц хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг Засгийн газар жил бүр өсгөж байгаа. Гэхдээ шууд 500 мянган төгрөгт хүргэх боломжгүй. Энэ нь улсын эдийн засаг, Нийгмийн даатгалын сангийн зарлагад ихээхэн ачаалал үүсгэнэ. Мөн тэтгэврийг ажилласан жил, төлж байсан шимтгэлээр нь тооцож олгодог гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй” гэлээ.

 Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар зөвхөн эмэгтэйчүүд бус 1991 онд дөрвөн төрлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарсан бүх иргэний тэтгэврийг улсын дундажтай уялдуулах шаардлагатай гэдгийг дурдаж байв.