<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Д.Трамп АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт оруулж буй БНСУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг онцолжээ
featured

Д.Трамп АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт оруулж буй БНСУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг онцолжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй пүрэв гаригт уулзаж, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хийсэн сүүлийн дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн ч түүнтэй сайн харилцаатай байгаа гэж мэдэгдсэн байна. “Цаашид БНАСАУ-ын талтай хийх уулзалтуудын талаар хэлэлцэх нь зүйтэй. Ирээдүйд маш олон томоохон үйл явдал болно хэмээн найдаж байна. БНАСАУ асар их нөөц бололцоотой гэдэгт би итгэдэг” гэж Д.Трамп хэлсэн байна.

 Харин БНСУ-ын Ерөнхийлөгч, Ханой хотноо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтыг амжилтгүй болсон гэж үзэхгүй байгаа бөгөөд цөмийн зэвсгээс ангижрах урт хугацааны үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болсон гэв.

 “Д.Трамп, Мүн Жэ Ин нар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл хэрэгт хамтран ажиллахаар тохиролцсон” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.

 Уулзалтын үеэр хоёр орны удирдагчид АНУ-БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчилснээр сайн үр дүн гарсныг сайшаан магтжээ. Мөн Д.Трамп АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт оруулж буй БНСУ-ын компаниудын хөрөнгө оруулалтыг онцолсон байна.

 БНСУ-ын зүүн хойд нутгийн Ганвон мужид гарсан ойн түймрийн талаар АНУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ, Солонгосын онцгой байдлын албаны ажилтнуудын эр зоригийг сайшаагаад, тэдний баатарлаг үйлс маш олон хүний амь насыг аварсан гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай 3 дахь удаагаа уулзах боломжийг үгүйсгэсэнгүй. Энэ тухай тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Цагаан ордонд уулзахын өмнө мэдэгдсэн байна.

 Ким Жөн Унтай 3 дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа эсэхийг нь Трампаас асуухад, “3 дахь дээд хэмжээний уулзалтыг хийх боломжтой хэдий ч энэхүү үйл явцыг аажмаар хэрэгжүүлнэ. Энэ бол хурдан шийдэгдэх ажил биш. Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх надад таалагддаг. Би энэ уулзалтыг тун үр дүнтэй гэж боддог” гэж хариулсан байна. Ким Жөн Ун болон Мүн Жэ Ин нартай хамтарсан гурван талын дээд хэмжээний уулзалт хийх боломжтой эсэхийг түүнээс асуухад “Энэ ч мөн боломжтой юм” хэмээн Д.Трамп хариулжээ.

 Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэхдээ, “Д.Трамп, Ким Жөн Ун нарын дипломат үйл ажиллагаа нь Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг ихээхэн намжаахад хүргэсэн. Асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. 

Таг: