<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Ш.ГАНБОЛД: Хөрөнгөлөг хурандаа, цагдаа нарыг ажлаас зайлууллаа гэж хашгирсан ч Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нар яг эсрэгээр нь хийсэн
featured

Ш.ГАНБОЛД: Хөрөнгөлөг хурандаа, цагдаа нарыг ажлаас зайлууллаа гэж хашгирсан ч Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нар яг эсрэгээр нь хийсэн

Хэн цэрэг байх хэн дарга байх вэ гэдэг нь ажлын туршлага ур чадвараасаа биш аль нэг нам, улстөрчийн хүсэл сонирхлоос хамааралтай болоод удаж байгаа л даа. Тэдний нэгэн болох, нэг улстөрчид таалагдаагүй, нэгэн намын “даалгавраар” сандлаасаа буусан хүний нэг бол Ш. Ганболд. Тэрээр Монголын цагдаагийн байгууллагад 30-аад жил ажиллаж, ЦЕГ-ын дэд дарга болтлоо дэвшсэн, хурандаа цолтой хүн. Түүнтэй уулзаж, ярилцсаныг уншигчдадаа толилуулья.

-Хамгийн эхний асуулт Танд таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэ асуултанд хариулт авч ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Таныг тухайн үеийн салбарын чинь сайд Х.Тэмүүжин өөрөө албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан мөртлөө яагаад гэнэт огцруулсан бэ. Үүний шалтаг, шалтгаан нь яг юу байв?

-Ажлаа бодож ийм шийдвэр гаргаагүй, тэр хүн.

-Салбараа толгойлж яваа тэр тусмаа Монголд эрх зүйн шинэчлэлийн жинхэнэ утгаар хийх гэж очсон гэдгээ хэлдэг байсан хүн бол Х.Тэмүүжин сайд асан. Түүнийг тэр үеийн Ерөнхийлөгчтэйгөө Эрх зүйн шинэтгэл хийх нь гэж ойлгосон, хүлээж авсан тэр үе шүү дээ. Та бүр сайн мэдэж байгаа. Тэгээд яахаараа “ажлаа бодолгүй” шийдвэр гаргана гэж. Таны хувьд сандлаасаа буусандаа жаахан зуулттай явдаг юм биш биз?

-Зуулт алга. Үнэн нь л тэр. Ховноос болж ийм шийдвэр гаргасан хүнийг ажлаа бодсон гэж хэлж чадахгүй. Та чадах уу. Сайд асан Х.Тэмүүжин “Тэр хүн тэгж хэлээд байна” гээд хов зөөсөн хүнийхээ нэрийг ил тод хэлсэн л дээ. Эндээс нь харвал Х.Тэмүүжин их цайлган гэмээр санагдсан.

-За тэгвэл, хов бол бусдаас дам сонссон үг. Тэр тусмаа үнэн эсэх нь бүр их эргэлзээтэй үг байдаг биз дээ. Хуулийнхан тэр тусмаа ховыг магадлаж шалгах үүрэгтэй сэн биш билүү? Тэгэхээр Та сайд шийдвэр гаргахад тулсан, тийм их үнэтэй хов юу байсныг жаахан тодруулаач?

-Нэг барилгын компанийг шалгаач гэж хэлсэн. Тэр үгийг минь сонссон нэг хүн сайдад очиж хэлсэн. Тэр нь сайдын хөндүүр цэг байсан хэрэг. Ердөө л энэ.

-За энэ бол Таны албан тушаалаасаа огцорч ажилгүй болсон шалтгаан. Одоо Танаас мэргэжлийн талаас асуулт асууя. Өнөөдөр хууль хэрэгжүүлэгчид тэр тусмаа танай цагдаагийн байгууллагынхан Эрүүдэн шүүх арга барилдаа идэгдсэн тухай яриа газар авч байна. Яриа ч биш харж, сонслоо. Энэ Эрүүдэн шүүлт бол өнөөдөр бий болсон ч асуудал биш. Соц нийгмийн үед ч ардчилсан тогтолцоонд шилжсэн хэдий ч байж л байгаа. Тийм биз. Эрүүдэн шүүгээд байгаагийн шалтгаан нь юу вэ? Үүнээс өөр арга байхгүй юм биш үү. Бодит байдал ингэж харагддаг л даа?

-1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зориг агсны амь насыг хороосон аймшигт аллага, бас 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэг бол Монголын цагдаагийн байгууллагын ажлыг шалгасан. Энэ хоёр шалгалтанд Монголын цагдаагийн байгууллаг бүдэрсэн.

 -Яагаад?

 -Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг нь гэмт хэрэг илрүүлэх, хэв журам сахиулах шүү дээ. Тэр үүргээ биелүүлж чадаагүй. Яагаад гэвэл, манай цагдаагийн байгууллага зах зээлийн чөлөөт энэ нийгэмдээ тохирсон хэв маягтаа орж чадаагүй байсан. Бүр энгийнээр хэлье. Бидний дуулсан дууг хэн ч дагаж дуулдаггүй. Бидний хийсэн хоолыг хэн ч идэхгүй байсан л гэсэн үг. Хэрэв урлагийн юм уу хоолны нэг хувийн компани байсан бол аль хэдийнэ дампуурсан. Манай цагдаагийн үйл ажиллагааны үр дүнг олон нийт хүлээж авахдаа дургүй,  хүлээж авахгүй байгаа.

-Өөрчлөгдөөд байна, шинэчлэгдээд байна гээд л байдаг биш билүү?

-Цагдаагийн байгууллагад сэтгэлгээний өөрчлөлт огт хийгээгүй. Хэлбэр талаасаа бол өөрчлөлт хийсэн. Формоо, хуулиа өөрчилсөн гээд харвал хэлбэл бас байна. Харамсалтай нь хандлага огт өөрчлөгдөж амжаагүй байсан. Хувийн амьдрал хүссэн хүсээгүй зах зээлийн нийгэм рүү оруулж тэр шаардлагад нийцүүлэх гээд яваад байна. Харин албан ажил нь яг хуучнаараа.  Энэ хоёрын зөрүүгээс болж шалгалтанд бүдэрсэн.

 -Эрүүдэн шүүлтээсээ салахын тулд одоо Прокурорын дэргэд дахиад Мөрдөх алба байгуулах тухай ярьцгаагаад байх юм. Ийм байсан. Харин ч энэ албаныхан чинь хамгийн жигшүүртэй гэмт хэргийн уурхай болсныг хэн ч мартаагүй баймаар юм. Тэгэхээр Прокурорын дэргэд Мөрдөх алба байх нь зөв үү? Таны хувьд юу гэж бодож байна?

-Мөрдөх алба хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Хамгийн гол нь хаанахын харъяанд энэ алба байх ёстой вэ гэдэгт л асуудлын гол нь байгаа юм.

-Хаанахын харъяанд?

-Хууль зүйн яамны харъяанд.

-Яагаад?

-АТГ, Прокурор, Шүүх, Цагдаа, ШШГЕГ, ТЕГ бол гэмт хэрэг хянан шийдвэрлэх процесст оролцогч байгууллагууд шүү дээ. Тэгэхээр аль нэгд нь давуу эрх олгож болохгүй. Яагаад гэвэл, чиг үүргийн давхцал үүсдэг. Эрх, үүрэг, хяналтын тэнцвэр алдагдана. Тэгэхээр Прокурорын дэргэд Мөрдөх алба байгуулж болохгүй, энэ нь Үндсэн хуулинд заагаагүй. Болдоггүй юмаа гэдгийг харуулсан гашуун туршлагыг мартаж болохгүй. Хууль зүйн яамны харьяа Мөрдөх алба нь ТЕГ, АТГ, Шүүх, Прокурор, Цагдаа, ШШГЕГ-ыг шалгадаг байх ёстой.

-Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс ялладаг Прокурор нь бүх хэргээ тэр байтугай шүүхийнхээ шийдвэрийг хянаад байгаа нь зөв үү? Яагаад ингэж асууж байна гэхээр ялладаг, хянадаг хоёр үүрэг нэг саванд орсон учраас хүний эрх зөрчих, хууль гажуудуулах явдал газар авсан юм биш үү. Яллаад хянана гэдэг шударга, үнэний зарчмаас илт хазайж байгаа биз дээ.

-Хяналт нь шүүхэд очих ёстой юм. Яагаад гэвэл өнөөдөр прокурорт хяналт алга. Хууль нь тийм юм л даа. Тэгэхээр энд зайлшгүй хяналт, хуулийн зохицуулалт хэрэгтэй нь харагдаад байдаг юм.

-Тэглээ гээд дэвшил гарна гэж үү?

-Бөхөөр юм бол шүүх хөлийн цэц шүү дээ. Гэмт хэрэгтний засуул нь өмгөөлөгч. Цагдаагийн засуул нь прокурор.  Гэтэл өнөөдөр давс, чихэр, ташуур, танзуур нь бүгд нэг дор байна. Ингэснээр бие биеэ үгүйсгэсэн, чиг үүргээсээ хазайхаас өөр аргагүй болчихсон.

Энд олон үг нуршихын оронд цөөн баримт хэлэхэд хангалттай. Дугархорлоогийн буюу Прокурорын Отгонбаярын, Тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж ямар дуулиантай асуудлууд үүслээ. Алт дилерийн хэрэг гэсэн бөөн дуулиант хэрэг хэрхэн шийдэгдсэн тухай Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт ороод  тэр хэргийн прокурор нь 35000 төгрөгөөр торгуулиад өнгөрсөн тухай ярьж л байсан. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд “Нүүрс хөтөлбөр”-тэй холбоотой хэрэгт татагдсан нягтлан бодогч эмэгтэй Мөнгөнчимэг “Хагас жил хоригдоод шүүх хуралд ороход овгийг буруу бичсэн байсан” гэдгийг хэлсэн шүү дээ. Эндээс юу харагдаж байна. Хоёрын хоёр прокурорын хяналтаар дамжсан байгаа шүү дээ, энэ хэрэг уг нь. Гэтэл овог нэрийг буруу бичсэн байна гэдэг бол юун хяналт, хэтэрхий хайнга ханддагийг нь тодорхой харуулсан ганцхан жишээ.

-Юу вэ?

-Эрх мэдэл нь ихдээд, үүрэг нь гажуудсан тогтолцооны гажиг маш тод харагдаж байгаа юм. Ийм хуулийн байгууллагууд нь гажиг тогтолцоотой улс орон ОХУ, Монгол хоёр л байгаа болов уу даа, өнөөдөр.

-Цагдаагийн байгууллага дандаа ийм үлбэгэр байсан гэж үү? Миний цагдаа намайг хамгаална гэж ярьдаг хэлдэг. Бас орой бүр эргүүлийн цагдаатай хамт хороо, байрныхан эргүүл хийгээд явж байдаг байсныг санаж байна. Энэ бол иргэний аюулгүй, амар тайван байдлыг сахиулж байсан хэрэг биз дээ?

-Цагдаагийнхан хүчтэй, үнэхээр цагдаа шиг байсан үе бий. Тийм учраас өнөөгийн байгаа байдлын хараад бачуураад байдаг юм.

-Цагдаагийн алба хаагч муу учраас цагдаагийн байгууллагын ажил муудаагүй. Харин ч өнөөдөр цагдаагийн албан хаагч нарын ахуй амьдрал ажил үүргийн хуваарь нь арай хатуу харгис харагддаг. Ажлын цаг нар байхгүй тэгсэн атлаа авч байгаа цалин, хангамж нь үнэхээр муу шүү дээ. Үүнийг бол та сайн мэдэж байгаа?

-Алба хаагч нараа сургаж боловсруулж, өсгөж өндийлгөх тал дээр учир дутагдалтай байна. Зөвхөн ажил үүргээр шахаад байгаа юм. Төдөн хүн торгох, төдийг шийтгэх... гээд.

-Уучлаарай яриаг тань тасалъя. Яагаад гэвэл яг асуух гэсэн асуулт маань гараад ирлээ. Хүн торгосноор биш иргэдээ айдасгүй байлгаж гэмээнэ цагдаагийн ажил дүгнэгдэх учиртай. Гэтэл өнөөдөр торгуулийн төлөвлөгөө биелүүлээгүй ч гэх шиг ёстой утгагүй үзүүлэлтээр ажлыг дүгнэдэг нь нууц биш. Бас нэг асуудал ажиглагддаг. Цагдаад алба хаана гэдэг бол нэг талдаа дарамтанд ордог юм биш үү? Ажлын үзүүлэлтийг учир дутагдалтай иймэрхүү сонин байдлаар дүгнээд хэдхэн төгрөгийн цалингаас нь элдэв татаас их авдаг гэх гомдол улам л ихсээд байх шиг. Тэр бүү хэл эмэгтэй алба хаагч нарт ажлын байрны дарамт үзүүлдэг тухай яриа ч сонсогддог?

-Хөдөлмөрийн хууль зөрчтж, амралтгүй зүтгүүлдэг тохиолдол байгаа, байгаа. Энэ бол цэвэр удирдлагаас шалтгаалж байгаа юм. Бас эрх мэдэл, давуу байдалдаа дулдуйдан алба хаагчдад элдэв дарамт, хүндрэл үзүүлж байгаа нь ч үнэн.

-Хуулийн байгууллагуудын тогтолцоо буруу, гажсан, хазайсан гээд өндөр дуугаар ярьдаг хүн цөөн биш. Тэгсэн мөртлөө засч залруулахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Одоо олон нийт хэнбугайд ч итгэхээ болиод байна.

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэрхэн ажиллахаа сая маш ойлгомжтой хэлсэн.

-Юу гэж?

-Би тултал нь явна. Өөрчлөлтийг хийвэл хийсэн шиг хийнэ гэж.

-Сайдын хэлсэн үг сайхан л сонсогдож байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ бас нэлээд санаачилгатай харагдаад байгаа. Яагаад гэвэл, энэ салбарыг арай өөр өнцгөөс харж байгаа учраас өөрчлөх, шинэчлэх магадлал байна уу?

-Сайдын хэлснээр хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Түүнээс бус дутуу хийвэл ямар ч үр дүн гарахгүй. Харин ч дутуу алагдсан баавгай сэхэл аван босч ирээд барьж иддэг аюул байдгийг сайтар санах хэрэгтэй.

-Хийсэн шиг хийх гэдгийг Та хэрхэн ойлгож байна?

-Бүр ул, үндэс сууриар нь өөрчлөх. Үндсээр өөрчлөхгүй бол өөрчлөлт, шинэчлэлт болохгүй. Дахиад л өндийнө, эргээд л соёолно. Хогийн ургамал тэгдэг биз дээ.

-За үндэс сууриар нь өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Таны бодлоор...

-Хамгийн эхний ээлжинд Үндэсний Аюулгүй байдлын яам юм уу Дотоод явдлын яам байгуулах ёстой. Бүрэлдэхүүнд нь цагдаа, хил, шүүхийн байгууллагуудыг багтаана. Учир нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг шуурхай зохицуулж ажиллах шаардлагатай байдаг юм. ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ гээд хууль сахиулах байгууллагуудын холбоо мэдээлэл нэг байх ёстой. Ингээгүйгээс болж шуурхай ажиллагаа алдагддаг. Шуурхай ажиллаагүйгээс болж, ажлын үр дүн юу болох вэ, ойлгомжтой, тийм үү. Жишээ нь, 2013 оны дөрөвдүгээр сард Ховдын Булган суманд цагдаа алагдсан. Яаралтай хил хаах шаардлагатай боллоо. Бөөн асуудал... Яагаад гэвэл хуулийн байгууллагууд нь хоорондоо ямар ч холбоо ажлын уялдаа байхгүй. Хууль зүйн яам бичгийн, бодлогын чиг үүрэгтэй юм чинь юу ч хийж чадахгүй.

-За ямар ч байсан уялдаа холбоогоо сайжруулж мэдээлэл холбоо нь нэг дор байх ёстой юм байна. Үүнтэй маргах хүн байхгүй байх аа. Чиг үүрэгтэй холбоотой бас нэлээд сонирхол татаад байгаа нэг асуулт асууя. Сүүлийн үед нэг их сүр дуулиантайгаар “гүйцэтгэх ажиллагаа” явууллаа гэцгээх болжээ. Гүйцэтгэх ажиллагаа гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Баривчилж байгаагаа хэлээд байгаа юм уу?

-Гүйцэтгэх ажиллагаа гэж буруу нэршил. Сая Худалдаа хөгжлийн банкны Орхон нарыг саатуулж байгаагаа гүйцэтгэх ажиллагаа гэх юм. Оперативно розыскной деятельности /ОРД/ буюу шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа/ШЭСА/ гэх нь зөв болов уу.

-Тэгвэл Гүйцэтгэх ажил гэж яг юуг хэлээд байдаг юм бэ?

- Нууц ажиллагаа. Нууц мэдээлэл, баримт сэлт олох ажил. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэхэд хэрэгтэй мэдээлэл, баримт сэлтийг олох үүрэгтэй ажилтан нь тагнуулын ажилтан. Түүнээс биш аливаа асуудлыг шийдвэрлэгч биш. Эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь ч гүйцэтгэх ажил биш.

-Өнөөдөр хууль дээдлэх тухай яриад хэрэггүй болсон юм биш үү. Яагаад ийм дүгнэлтэнд хүрч байгааг Та ч сайн мэдэж байгаа. Хуулийн өмнө тэгш байх зарчим алдагдсан. Харин хуулийг хэн нэгэн хүнд юм уу өөртөө зориулан ашигладаг болжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг илрүүлэн шалгах гэдгээсээ хазайгаад бүр хальтраад яваад байх шиг.Тодорхой хэргүүд дээр жишээ хэлж болно л доо. Энэ талаар Та бол сайн мэдэж байгаа.

-Хуулиа дээдлэхгүй байгааг таны адил л харж байна.

-Та яг хаанаас, юунаас олж харснаа хэлж болох уу?

-“Алтан Дорнод Монгол”-ын Тордайн Ганболд их хэмжээний доллараа бусдад алдсан тухайгаа хэлж, Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга гээд бүгдэд хандсан байдаг. Иргэний энэ гомдол мэдээллийг хэн нь ч тоогоогүй. Холбогдох байгууллага, албан тушаалтанд хэлэлгүй мэдэгдэлгүй өнгөрсөн. “Гэмт хэргийг нуун дарагдуулж болохгүй”. Энэ бол хуулийн заалт. Гэмт хэргийн тухай мэдсэн бол мэдэгд. Энэ бол хууль. Энэ нь иргэн хүнд хуулиар ногдуулсан үүрэг. Үүнийг хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй. Хуулиа дээдлээгүй. Бас нэг жишээ. Телевизийн ярилцлагад орсон манай Ерөнхийлөгч байсан нэг биш хүн “... Тэрнийг тэгж гуйгаад байхаар нь би тэгж тусалсан” гэж ярьсан. Хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг хүний гуйлтаар, хөндлөнгөөс үймүүлснээ, зөрчсөнөө ингэж нэг их дурсамж маягаар яриад байх юм. Хууль эс дээдэлснээ гавьяа болгоод байгаа хэрэг шүү дээ.

-Та албан тушаалд очингуутаа буюу 2012 оны есдүгээр сард АН-ынханд алтан хошуу хүргээд, таны өөрийн чинь тодорхойлсноор “хов” зөөснөөр цагдаагийн олон албан хаагчийг ажлаас нь халуулсан юм биш үү?

-Даргын албан тушаалын марафон яаж өрнөдгийг  өөрийн биеэр мэдэрсэн. Улс төрийн шийдэл гэх нэрийн дор УИХ-ын гишүүдийн гуйлт шахаасаар хууль сахиулах байгууллагын ажил болоод албан хаагчийн томилгоонд хамгийн ихээр нөлөөлж үймүүлдгийг харсан шүү. Харин тэдний эсрэг хоёрхон хүн дээр саналаа хэлсэн. Дорнодын Цагдаагийн газрын даргын томилгоо, Өмнөговийн Цагдаагийн хэлтсийн тасгийн даргыг ажлаас өөрчлөх дээр эсрэг саналтай байсан ч дийлээгүй.

-Цагдаагийнхан хөрөнгөжсөн... Цол мөрдсөөрөө айлгаж байна. Энэ бүгдийг арилгана, цэвэрлэнэ... гээд Х.Тэмүүжин сайд асан, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр чанга дуугарч гарч ирснийг санаж байна?

 -Экс Ерөнхийлөгч хөрөнгөлөг хурандаа, цагдаа нарыг ажлаас зайлууллаа гэж хашгираад яг эсрэгээр нь хийсэн. “Баян хүн таван хаанд нүүртэй” гэж үнэхээр үнэн үг байна лээ.

-Сэдвээ жаахан өөрчилье. Өнөөдөр ялангуяа улстөрчид ч юм уу албан тушаалтны амнаас “Тэр тухай цаг нь болохоор хэлнэ...” гэсэн нэг тийм шүд зуусан, заналхийлсэн үг их унах юм. Энэ нь нэг талаас өс хонзонгийн шинжтэй нөгөө талаас хэн нэгийг дарамталсан мэт харагддаг“...цаг нь болохоор хэлнэ” гээд байгааг Та юу гэж боддог вэ?

-Энэ буруу. Хуульд нийцэхгүй. Энэ үг яриа бол заналхийлэл, дарамт мөн.

-Эрүүдэн шүүлт, дарамтгүйгээр гэмт хэрэг илрүүлж чаддаг болохын тулд яах ёстой гэж Та бодож байна?

-Хүн тамлан зовоож эсвэл хүнийг хоол, цайгаар дайлж, цайлан хэрэг шалгана гэдэг аль аль нь байх ёсгүй. Хууль сахиж, хэрэгжүүлэхгүй, дагаж мөрдөхгүй байгаа нь өнөөгийн нийгмийн бэрхшээл. Нийгмийн сэтгэлгээний гажуудал эвдрэл.

-Харин тийм. Энэ гажуудлыг хэрхэн залж залруулах вэ?

- Хууль сахиулах ажиллагааг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах шаардлагатай. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын тогтолцоо чөлөөт зах зээлийн нийгмийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Бид хуучин нийгмийнхээ энерци, сэтгэлгээгээр яваад байгаа юм. Одоогийн манай энэ тогтолцоонд хувь хүний үзэмж, улс төрийн нөлөө орох завсар зай, гажуудал ихтэй. Хууль дагаж хэрэгжүүлснээс хувь хүн, намын үгийг дагах нь хамаагүй амар болчихоод байгаа юм. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэгч үүсээд байна л даа.

-Сүүлийн үед ялангуяа улстөрчид өс хонзонгийн журмаар хууль хяналтын байгууллагад ханддаг болсон мэт харагдах боллоо?

 -Манай хууль сахиулах байгууллага баримтанд тулгуурлан асуудлыг шийддэг байх ёстой. Сургаар юм уу ховоор асуудлыг шийдэж огт болохгүй.

-Цагдаагийн байгууллагад улсаас жил бүр төсөв хөрөнгө чамлахааргүй өгдөг. Гэхдээ цагдаагийнхан хөрөнгөжөөсэй гэсэндээ биш цагдаагийн ажил сайн байгаасай гэх үүднээс... Тэгвэл цагдаагийн байгууллагыг хэрхэн шинэчлэх ёстой вэ. Дотор нь байсан хүний хувьд Таны бодол?

-Үйл ажиллагаа, үрэлгэн биш, үр дүнтэй, ил тод байх ёстой. Бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, сургалт, ажлын үнэлгээ бүгд зах зээлийн нийгмийнхээ мөн чанарт нь таарсан байх ёстой.

Манайх хийсэн ажлынхаа тоогоор биш, үр дүнгээрээ ажлаа дүгнүүлдэг байх учиртай юм. Цагдаагийн ажлын үр дүн гэдэг нь хүмүүс амар тайван амьдрах ёстой. Хууль ёс хэрэгжиж байгаад итгэдэг, алба хаагчид цагдаагийн удирдлагадаа итгэдэг, хүндэлдэг, бахархдаг, даган дууриадаг байх ёстой. Цагдаа бол цэрэгжсэн хууль сахиулах байгууллага. Цагдаа бол тушаалыг ёсчлон биелүүлдэг цэргийн байгууллага биш. Аквариумныхаа усыг солиогүй байж загасаа солих хэрэг байна уу.

-Тэгвэл аквариумны усыг солихын тулд яах ёстой гэж?

-Цагдаагийн байгууллагынхан хэрэг илрүүлэх ур чадвартай бас хүнийг хайрлах, энэрэх гоо зүйн өндөр мэдлэгтэй байх учиртай юм. Бүр эхний сургалтаас л суулгаж өгөх хэрэгтэй. Зөвхөн нэг талыг барьж нөгөө талыг орхигдуулснаас өнөөдрийн яриад байгаа эрүүдэн шүүх ажиллагаа үүсч байна.

-Эмэгтэй хүн алт ачаад энэ орны нэг хязгаараас нөгөө хязгаар хүрэхэд ч айх аюулгүй амар тайван болголоо гэж Их Эзэн Чингис хаанаараа бахархан хэлсэн үг байдаг. Чингис хаан улс орноо тийм амар тайван аюулгүй болгож чаджээ. Өнөөдөр Монгол Улсыг цагдаагийнхан маань ийм сайхан болгож чадах болов уу?

-Ердөө л энэ. Цагдаагийн ажлын үр дүн бол иргэнээ ямар ч айх аюулгүй болгох. Түүнээс биш торгох, шийтгэх бол цагдаагийн дотоод ажил нь. Хотын төвөөс нэг эмэгтэй харанхуй шөнө яваад хотын захад хүрэхдээ ямар ч айдасгүй явж чадаж байвал цагдаагийн ажлын үр дүн. Цагдаа сайн ажиллаж байна гэсэн үг.

-Та ажилгүй удлаа. Энэ хугацаанд юу харагдав. Яагаад ингэж асуув гэхээр “Эр хүнийг мөнгөгүй үед нь, эмэгтэй хүнийг будаггүй үед нь хайрлах ёстой” гэсэн үг байдаг юм.

-Үнэн үг байна. Биеэрээ харлаа, үзлээ. Гэхдээ найз нөхөдгүй боллоо гэж харамсахгүй байна. Харин ч сайхан шигшээд, цэвэрлээд өглөө.

Одоогоос 23 жилийн өмнө буюу 1996 онд Ш.Ганболд яг өнөөдөр ярьсан хуулийн байгууллагын тогтолцооны гажгийн тухай “Заримдаг гийгүүлэгч” гарчигтай нийтлэл бичиж “Өнөөдөр” сонинд хэвлүүлсэн байдаг. Тэрээр бүтэн таван жил гаруй цалингүй, сохор зоосны орлогогүй суухдаа тэтгэврээ тогтоолгохоосоо хүртэл татгалзан “зөрүүдэлсэн” этгээд нэгэн. Гэхдээ түүнд хурандаагийн мөрдөснөөс өөр хураасан, “нуусан” хөрөнгө” зоорь огт байхгүй гэдэг нь ч үнэн. Ийм л нэгэн хуульчтай ярилцлаа. Түүнийг цагдаагийн байгууллагын шударга ажилтнууд “ЖИНХЭНЭ МОНГОЛ ЦАГДАА” гэж үнэлдэг нь Ш. Ганболдод онож өгсөн бодит үнэлэмж юм байна аа гэдэгтэй дахин санал нэгдсэнээ нуух юун. Хүн шиг цагдаа ховордож байгаа энэ үед Ганболд хурандаа шиг хүн Монголын хуулийн байгууллагад хэрэгтэй л санагдлаа.

Эх сурвалж: http://nertur.mn

Таг: