<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ “Мөнгөн гүүр”, “Фүжи холдинг” ББСБ-ын эрхийг цуцалжээ
featured

“Мөнгөн гүүр”, “Фүжи холдинг” ББСБ-ын эрхийг цуцалжээ

Санхүүгийн зохицуулах хороо 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар, “Үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалт, түүнийг мэдээлэх журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмаар, үнэт цаасны дотоод мэдээлэлд юу юуг тооцох, түүнийг нийтэд мэдээлэхэд баримтлах зарчим, дотоод мэдээлэл эзэмшигч гэж хэн болох, тэдэнд хориглох үйл ажиллагаа, журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг бүрчлэн тогтоож өгсөн байна. Хөрөнгийн зах зээл хурдацтай хөгжиж буй энэ үед үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг урвуулан ашиглах, хуурамч арилжаа хийж, үнэ ханш, арилжааны хэмжээг зохиомлоор өсгөх, бууруулах, зах зээлд оролцогч харилцагчид, хөрөнгө оруулагчдыг мэхлэх зэрэг эрсдэл үүсэхээс энэхүү журмаар урдьчилан сэргийлэх юм.

Мөн хуралдаанаар, “Монос хүнс” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, түүний 30 хувь буюу 122 655 128 (нэг зуун хорин хоёр сая зургаан зуун тавин мянга нэг зуун хорин найман) ширхэгийг нэг бүрийг нь 70 (далан) төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. Түүнчлэн “Райнос эссет менежмент монгол” ХХК, “Ти Би ассет менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Хуралдаанаар “Амбрелла брокер” ХХК-д даатгалын зуучлалын, “Нүнү финанс” ХЗХ, “Мөнх баялгийн эзэд” ХЗХ-д хадгаламж, зээлийн, “Ди Эм финанс” ХХК, “Эм Пи Эс Си” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо Түүнчлэн, “Нью капитал тэнцэл аудит” ХХК-г үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын, “Өмгөөллийн барристер кастор” ХХК-г тус зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр тус тус бүртгэн, “Гэр даатгал” ХХК-аас оноосон нэрээ “Амар даатгал” ХХК болгон өөрчлөх хүсэлт ирүүлснийг хэлэлцэн зөвшөөрч, бүртгэлийг хууль, журамд заасан хугацаанд шинэчлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн “Ганхүлэг капитал групп ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, харин “Арга билэг эстимэйт” ХХК даатгалын хохирол үнэлэгчийн, “Кредит монгол ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн итгэлцлийн болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ. Эцэст нь “Фүжи холдинг ББСБ” ХХК, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

 

Таг: