<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлнэ
featured

Бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлнэ

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулах, цаашид сайжруулах санал зөвлөмж боловсруулах зорилгоор хөдөө орон нутаг, нийслэлийн шилдэг багш нараас бүрдсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг “Үндэсний хэлэлцүүлэг”-ийг эхлүүлээ. Бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн чиглэлээр 5 өдөр тусгай  аргачлалын дагуу зохион байгуулах тус хэлэлцүүлэг нь хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө дүн шинжилгээ хийхээрээ онцлогтой.

Хэлэлцүүлгээр сургалтын төлөвлөгөө, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ЕБС-ийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулах юм.

Санал зөвлөмжид үндэслэн БСШУСЯ, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ЕБС-д 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлах дүрэм журамд тусган хэрэгжүүлэх юм.

Орчин цагийн боловсролын тогтолцоо манай улсад бүрэлдэн тогтсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд бага, дунд боловсролын тогтолцооны шинэчлэлтэй уялдаатай сургалтын хөтөлбөр тодорхой үечлэлтэй өөрчлөгдөж ирсэн.  Цаг үе, нийгмээ дагаж сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр өөрчлөгдөх нь зүйн хэрэг ч хэт ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургууль, багш нар сургалтын хөтөлбөрөө ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг талаар багш нар санал, хүсэлт ирүүлж байна.

2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт сайн тал олон байгаа хэдий ч засаж сайжруулах асуудлууд байна. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулалгүйгээр хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн шүүмжлэл дагуулсаар байна. Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт нь агуулгын давхардлыг бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмэгдүүлсэн, сурагч, багшид ачаалал бий болгосон зэргийг багш нар ярьж байна.