<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ
featured

Худалдаа, хөгжлийн банк 3 үгт хаягжилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ

2019 оны 2 дугаар сарын 18-нд Mонгол Улсын ууган банк болох Худалдаа, хөгжлийн банк what3words компанитай хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар үзэглэлээ.

Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьж, банкны үйлчилгээ болон технологийн дэвшлийг зохистой хослуулан ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааны хүрээнд зээл болон бусад үйлчилгээг 3 үгт хаягаар харилцагчид үзүүлэхээр зорин ажиллаж байна. 

Худалдаа, хөгжлийн банк хамтын ажиллагааны эхлэл болгон банкны бүх салбар, тооцооны төв, бэлэн мөнгөний АТМ-н байршлыг 3 үгт хаягаар хаягжуулснаар харилцагчид өөрт ойр салбар нэгжээ хялбархан олж очих боломжтой боллоо. 

 ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа: “Бид харилцагчиддаа чиглэсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээндээ 3 үгт хаягжилтыг ашиглахаар зорин ажиллаж байгаа бөгөөд харилцагчиддаа үйлчилгээгээ улам хүртээмжтэй болгох боломжтой болсонг дуулгахад таатай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хаягжилттай холбоотойгоор тулгардаг байсан олон хүндрэл бэрхшээлийг бууруулахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. 

“Монгол улсад 3 үгт хаягжилтыг банк санхүү, цахим худалдаа, шуудан хүргэлт, аялал жуулчлалын салбарт амжилттай нэвтрүүлж хаягжилттай холбоотой хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдвэрлэх боломжоор ханган ажиллаж байна. ХХБ-тай хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын бизнесийн үйл ажиллагааны чанар улам сайжирч, харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн what3words-н Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга онцоллоо.

Худалдаа, хөгжлийн банкны тухай

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын ууган банк болохын хувьд салбартаа анхдагч, бусаддаа үлгэрлэгч байхыг зорьдог. Тус банк нь олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 28 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд банк, даатгал, хөрөнгийн зах зээлийн цахим үйлчилгээ, Visa Paywave зэрэг олон үйлчилгээг анхлан Монголын зах зээлд нэвтрүүлсэн.

Харилцагчдийнхаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэсэн, үнэ цэнэтэй банкны үйлчилгээг хөгжүүлэн хүргэж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг байнга, хамгийн өндөр түвшинд байлгах нь тус банкны эрхэм зорилго юм.

what3words компанийн тухай

Лондон хотод 2013 онд үүсгэн байгуулагдсан what3words нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3х3м хувааж тус бүрт нь 3 үгт хаягжилтыг оноож өгснөөрөө давуу талтай шинэлэг хаягжилтын технологи юм. 3 үгт хаягжилтыг what3words-н гар утасны үнэ төлбөргүй апп болон онлайн газрын зургийн тусламжтайгаар 26 хэл дээр ашиглах боломжтой.

 what3words-ийн 3 үгт хаягжилтыг ямар ч төрлийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой бөгөөд энэхүү технологийг хаяг байршил заасан бүх мэдээлэлд нэмэлтээр ашиглах бүрэн боломжтой.

 Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet, Airbnb, зэрэг олон улсын нэр хүндтэй компаниудаас гадна Монгол улсад Монгол Шуудан, ХААН Банк зэрэг үндэсний хэмжээний томоохон байгууллагууд ашиглаж байна.

 

www.facebook.com/what3wordsMN/