<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ СӨҮЛД АНХ УДАА: Сөүл хотын автозам ба гүүр
featured

СӨҮЛД АНХ УДАА: Сөүл хотын автозам ба гүүр

Инчон онгоцны буудал 2-р терминал дээр буулаа. Ачаагаа авчихаад, шинэ терминалыг сонирхож байх зуур дүү маань ирж бид Сөүлийг зорив. Гэтэл хурдны зам дээр үе үе машины доор чанга чимээ гараад байдаг шүү. Парр парр, час час, тас няс хийгээд заримдаа хөгжим дуугаараад байхаар чинь харанхуй шөнө яваа хүнд олон юм бодогддог юм байгаа биздээ. Энэ юу дуугараад байгаа юм гэсэн чинь дүү “Машинтай яваа хүмүүсийн нойрыг хүргэхгүй гэж дуугарч байна” гэдэг юм даа. Бараг л соёлын шок боллоо. Ер нь энэ замыг өргөн, том, чанартай, тэмдэглэгээтэй л тавьж болно гэж бодож байснаас биш, дуу гаргадаг байдлаар барьж байгуулж болно гэж яаж миний санаанд орох юм. 

Онгоцноос буугаад энд хамгийн эхний сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол автозам. Хотын хөгжлийн хурдасгуур гэмээр энэ автозам, гүүр_хонгил гэдэг асуудал Сөүлийн хувьд онцгой асуудал бололтой байдаг шүү. Хэд хэдэн музейд саатав. Хэдэн онд ямар гүүр, зам, гарц барьсан талаарх баримтууд музейд багагүй дэлгэгдсэн байна. Ер нь гүүр бариагүй он цаг тэдний өнгөрсөн зууны түүхэнд байхгүй байна лээ. Ялангуяа 1967 оноос хойш бол тасралтгүй бүтээн байгуулалт өрнөсөн байна. 
Хан Мөрөн дээгүүрээ хичнээн гүүр тавьсан байна гээч. 2014 онд 31 дэх гүүрээ барьж ашиглалтанд оруулсан байна. Төрөл бүрээрээ байна. Олон өнгөөр гэрэлттдэг, усан хөшигтэй, хөшөөтэй, бэлгэдэлтэй, эргэлттэй, сараалжтай гэх мэтээр олон янзын өнгө загвараар гүүрийг бол урлаг болгосон байна. Хотыг 2 хэсэгт хувааж байгаа энэ Хан мөрөн бол маш өргөн. Бараг далайн нэг хоолой л гэсэн үг. Манай Сэлэнгэ мөрөн дээгүүрх Монголын хамгийн урт гүүр 400 гаруй метр байдаг бол Хан мөрний гүүрүүд 1 км гаруй урттай юм. Ингээд харьцуулахаар ямаршуухан мөрөн болох нь ойлгомжтой зураглагдаж байгаа байх аа. Түүхээс нь харвал бүр Чусоны вант улсын үед ч гүүр тавьж байсан мэдээлэл байдаг юм байна. Хангуг уба, ажума нар энэ мөрнөө гатлах гэж далбаат онгоц хүртэл хийж хөвдөг байсан байна. Газар нутаг багатай, дээрээс нь хот дундуур аварга том мөрөн хуваачихаар чинь ийм тийшээ явах гэж бас л багагүй толгойгоо ажиллуулж, юм хийх хэрэгтэй болдог байсан байх. Харин одоо бол Хан мөрний гүүрүүд нь зөвхөн зам харилцаа төдийгүй тус хотыг үзэсгэлэнтэй болгодог чухал зүйлсийн нэг яах аргагүй мөн. 
Хөрөнгө мөнгийг нь яаж босгов гээд сураглахнээ 1961 онд Пак генерал гэгч нөхөр Германаас 100 сая ам.долларын зээл аваад ихэнхийг нь зам гүүр болгочихсон бололтой юм. Ингэж мөнгө зээлсэнийхээ оронд солонгос залуучууд бас Германд очиж хар ажил хийцгээдэг байсан гэнэ. Манайхан бол зүгээр л Солонгост очиж хар ажил хийгээд байдаг, ингээд зээл авчихаад хүмүүсээ цалинтай ажиллуулдаг юм бна шдээ. Сонирхолтой л юм
За тэгээд хот дотор төв, гол автозамууд бол 3-4 эгнээтэй, замын тэмдэглэгээ сайтай юм аа. Харин хороолол, байшин барилгууд дундаа зохицож явах уулзварууд голдуу байдаг юм байна. Автозогсоолын тэмдэглэгээг жижиг сажиг гэлтгүй хийчихсэн, булан тохой бүртээ шахаад л орчих юм. Аргагүй хүн ам олонтой, өндөр барилга олонтой газрууд ингээд зохицоод амьдраад сурчихсан юм уу л гэмээр бодол төрсөн. 

Мөн дугуйн зам, явган зам бол автомашины замаасаа их гэж хэлж болохоор байна. Хотын хэд хэдэн хэсгээр 1-2 км алхаж үзлээ. Энэ нөхдүүд чинь бас манай зовлонг цагтаа туулж л явсан байна л даа. Юу гэхээр авто машин нэмэгдээд түгжрэл их үүсээд байхаар нь автомашиныхаа замыг биш, явган зам, дугуйн замаа нэмсэн байгаа юм. 

Бас нэг зүйл нь эдний автозамуудад ерөөсөө донсолгоо алга. Манай Улаанбаатарт бол автозам дээгүүр явж байгаа ч ихэвчлэн донсолгоотой байдаг даа. Бид чинь түүндээ ч дасчихсан гэж жигтэйхэн, хөдөө шороон замаар явж байгаад л нөгөө донсолгоотой засмал руугаа ороод “Өө сайхан засмал” гээд донсолгоод л явдаг даа. Энд бол машинд яваа аягатай ус ч долгисохгүй юм. Сөүл хотоод нэлээд явахад нэг хэсэг бараг хүн явдаггүй юм уу гэмээр нэг урсгалтай жижиг туслах зам болох100 метр газар л нөгөө манайхны зам байсан юм хэхэ. 

Улаанбаатарт бас зам гүүр барьж байгаа. Бидэндээ л чамлахааргүй, уулзваруудаа шинэчлэн, сайжруулахаас авахуулаад яваад л байгаа юм. Гэхдээ эдний барьж байгуулсантай харьцуулахад бид чинь их жижигхэн сэтгэдэг юм байна даа гэж бодогдлоо. Багадаа л ирээдүйн 100 жилийг харж, төлөвлөж, дэлхийн том хот болох зорилт тавьж, хэдэн 10 жил дамжин барьж байгуулсан бүтээн байгуулалтын үр дүнд өнөөдрийн Сөүл хотын дэд бүтэц боссон байна. 
Нарийвчлан судлаагүй ч нүдэнд харагдах байдлаас үндэслэн зөвхөн автозам, гүүрний тухай тэмдэглэл дүүргэв. 

М.Уранчимэг

Үргэлжлэл бий...

Таг: