<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Баялгийн хараалыг хариулах гол арга хэрэгсэл бол хоёр танхимтай парламент
featured

Баялгийн хараалыг хариулах гол арга хэрэгсэл бол хоёр танхимтай парламент

Ардын Их Хурлын депутат асан, Шинжлэх ухааны доктор  Чагнаагийн Пүрэвдоржтой  ярилцсаныг уншигчдадаа толилуулъя.

-Ардчилсан Үндсэн хуулийн өдөр ойртож байгаатай холбогдуулан тантай ярилцаж байна. Ази тивд анхлан Үндсэн хуультай болсон орны нэг гэдгээрээ бид бахархдаг. Та бол шинэ Үндсэн хууль батлалцсан хүн. Тэгэхээр яриагаа  Үндсэн хуулиас эхлэх үү?

-Монгол Улс бол Ази тивд анхлан Үндсэн хуультай болсон орны нэг. Нийгмийн суурь өөрчлөлтийг тусгасан Тангарагийн гэрээ гэгч баримт бичгийг эс тооцвол  Үндсэн хуулийн замаар 94 жил явж чамгүй их туршлага хуримтлуулжээ. Энэ хугацаанд дөрвөн Үндсэн хуулийг баталж хэрэгжүүлсэн гэх боловч нийгмийн суурь өөрчлөлт талаас харвал ардчилсан ба ардчилсан бус гэсэн зарчмын хоёр хувилбар тодорхой харагддаг. Гэхдээ Үндсэн хуулиудын аль нь ч гэсэн манай улсын хөгжил дэвшлийн баталгаа болж нийгмийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ утгаараа сүүлийн ардчилсан Үндсэн хууль бол хоосон тал дээрээс босоогүй өмнөх 70 жилийн туршлагад тулгуурлаж бүх ард түмнээр хэлэлцүүлсэн, мэргэжлийн төвшинд байнгын ажиллагаатай парламент Улсын бага хурал түүний орчинд боловсруулагдсан, өргөн төлөөлөл бүхий  Ардын Их Хурлаар хоёр сар гаруй хэлэлцэж баталсан нийгмийн том зөвшилцөл, хамтын гэрээ, нийт ард түмний маань оюуны бүтээл юм.

-Та Үндсэн хууль батлалцсан боловч Үндсэн хууль өөрчлөх асуудал яригдаж байхад энэ талаар ямар бодолтой байв. Бодож санаж явдаг зүйлээсээ хуваалцвал ямар вэ?

-Сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх тухай  яриа нэлээд гарах болж. Янз бүр хувилбарууд ч бэлтгэгдэж. Ардчилсан Үндсэн хууль хэрэгжсээр бас ч чамгүй олон жилийн нүүр үзсэн байна. Нэн хурдтай хувьсан  өөрчлөгдөж буй амьдралын эрхээр, мөн угийн төгс төгөлдөр юм гэж нэгэнт байдаггүйн учраас энэ Үндсэн хуульд зохих тодотгол зарим нэмэлт хийх цаг нь болсон байх л даа. Гэхдээ манай улс ардчилал, зах зээлийн зам дээр нэгэнт гарч түүгээр итгэлтэй урагшилж байгаа тул энэ нийгмийг сууриар нь хөдөлгөх хэрэгцээ хараахан алга. Тийм болохоор ардчилсан Үндсэн хуулиа бүхэлд нь өөрчлөх шалтгаан нөхцөл үүсээгүй гэж бодож явдаг. Өөрчлөлт, тодотгол, нэмэлт гэх мэт нь тун ялгаатай ойлголтууд. Гучаад жилийн өмнө бүх ард түмнээр жагсаж тэмцэж олсон ардчилал, хүний эрх чөлөө, зах зээлээс ухраад өнөөдөр хаачих билээ. Гэхдээ энэ эрхэм зорилгыг гажуудуулсан уу, үгүй гэдэг бол өөр хэрэг. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөнө гэсэн хандлагыг харахад  ихэнхдээ улс төрийн шинжтэй, хэсэг бүлгийн ашиг сонирхлын илэрхийлэл голлосон шиг ажиглагддаг. Сонгож авсан нийтлэг замаар явж чадаагүйн бурууг Үндсэн хуульд тохож түүнийг элдвээр муулж гоочлох нь ердөө л шалтаг төдийгөөс цаашлахгүй. Хуулийг хүн л хэрэгжүүлдэг шүү дээ. Тэр тусмаа “хууль засагладаг биш хувь хүн засагладаг болчихлоо” гэж эл цагаан ярьцгаах болсон энэ цаг үед байдал ямар байгаа нь тодорхой байгаа юм биш үү. Түүгээр ч зогсохгүй Үндсэн хуулиа дагаж мөрдөж тодруулж явах ёстой ердийн хуулиудад түүнийг давж зөрчсөн олон заалт бий гэцгээдэг. Иймэрхүү нөхцөлд Үндсэн хуулийг өөлж гоочлох, өөрсдөд ашигтайгаар өөрчлөхийг завдах нь гарцаагүй л дээ. Тийм учраас ийм явуургүй оролдлогод олон түмэн автахгүй харин ч ардчилсан Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Ардчилал, зах зээл, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, нийгмийн шударга ёсыг тогтоох нь иргэд бидний хүсэл зорилго гарцаагүй мөн гэж би боддог.

-Та Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх биш нэмэлт тодруулга хийх нь зүйтэй гэж байна. Тэгвэл ямар байдлаар энэ нэмэлтйг хийх хэрэгтэй гэж вэ?

-Тийм ээ. Тэгэхдээ Үндсэн хуулийг хэлэлцэж батлахад биеэр оролцож, нүдээр харсан ахмад хүний хувьд хэлэхэд Үндсэн хуулийн асуудал бол асар эмзэг,  яах аргагүй л үндэсний хэмжээний амин чухал гол тулгуур нь учраас түүнд гар хүрнэ гэдэг санаан зоргоор босон суун хийчихдэг ажил биш юм. Үндсэн хууль бол тоглоомын дүрэм биш, туурга тусгаар улс оршин байгаагийн баталгаа, өрх гэрээр зүйрлүүлбэл тооно нь гэсэн үг. Тооно ямар байхаас гэр тийм байна. Бүх унь нийлээд нэг тоонотойгоо тэнцдэггүй. Бүх унь тооногүй бол гэр болж чадахгүй их л сайндаа овоохой болно. Бид хууль л гэж нэрлээд байгаа болохоос биш Үндсэн хууль бол хууль гэхээсээ илүү зарчим, үзэл санаа юм. Үндсэн хуульдаа гар хүрэхэд өчүүхэн л буруу хандваас асар том үр дагавар авчирч мэдэх, ямар ч хямрал тэмцэл рүү түлхэж болох туйлын осолтой зүйл юм шүү. Үүнийг маш сайн тооцох ёстой.

-Үндсэн хуульд гар хүрсэн жишээ гэвэл та 2000 оны өөрчлөлтийг л хэлэх байх даа.Үүний сургамжийн талаар та юу хэлэхсэн бол?

-Наад захын бэлхэн жишээ гэвэл мэдээж Үндсэн хуулийн чадамжийг бууруулсан өнөөх дордуулсан гэгдэх “алдартай” долоон өөрчлөлт шүү дээ. Өнөөгийн хямрал түгжрэл, улс төр, эдийн засгийн гаж явдлууд эндээс эхтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зохимжтойгоор хуваах нь Үндсэн хуулийн нэг  үүрэг. Гэтэл МАНАН-гийн хоёрхон намын оролцоотой явцуу бүлэглэлийн хүрээнд олон нийтийн эсэргүүцлийг үл хайхран хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хольж бантагнуулсан. Тэр ч байтугай саналаа чөлөөтэй гаргадаг ардчиллын үндсэн зарчмыг хумьсан зэрэг өөрчлөлтүүд нь онолын болоод үзэл баримтлалын том алдаа байсан. Тэр нь улс төрийн тогтолцооны хямрал улмаар нийгэм, эдийн засгийн уналт бүр явсаар эцэстээ иргэдийн нуруун дээр ажилгүйдэл, ядуурлын хүнд дарамт болон буух нэг гол хүчин зүйл болсон. Иймэрхүү харалган алдаа завхрал нь гэнэн томоогүйгээс ч биш, мэдлэггүйгээс ч биш, мэдсээр байж хийсэн зориудын үйлдэл байж болзошгүй. Түүнчлэн эрх мэдэл, эд хөрөнгөнд хорхойссон шунал тэчьяалын үр дагавар юм шиг харагддаг. Энэ нь өнгөн дээрээ УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байж болох мэт зүгээр л нэг хуулийн заалт төдий харагдана. Бүр сүүлдээ, хэн  нэгэн андуураад ч юм уу, аль эсхүл алиалаад ч юм уу “давхар дээл” өмсчихсөн мэт марзан яриа болж улс төрийн хэллэгт орж ирсэн нь эмгэнэлтэй ч юм шиг. Гэтэл тэр нь эцэстээ ямархуу хүнд үр дагаварт хүргэдэг болохыг харуулсан онол, үзэл баримтлалын алдаа байв. Өнөөдөр онолоос айдаг, түүнээс төвөгшөөдөг болчихож. Тэр аймшиг маань урт хугацааны дараа ямар их хор холбогдол учруулдгийн наад захын баримт гэвэл энэ болно. Тийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь эхлээд ямар үзэл баримтлалд тулгуурлах, ямар онол номнол баримтлахыг гарган ирж, яагаад ингэх болсныг судалгаагаар нотлон байж нухацтай хийгүүштэй ажил болохоос биш бизнесийн ашиг хөөдөг шиг дан ганц улс төрийн аргаар түргэн хуумгай зүтгүүлээд бүтээчих хөнгөн зүйл биш. Нийт ард түмний шууд өргөн  оролцоотойгоор шийдэх том ажил үйл юмаа. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг юуны түрүүнд ард түмнээсээ нухацтай сайн асуух хэрэгтэй.

-Та Үндсэн хуульд нэмэлт тодотгол хийхийг  хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэгвэл таны бодсоноор эн тэргүүнд юуг өөрчлөх нь зүйтэй гэж үздэг вэ?

-Энэ бол маш чухал зүйл. Хэд хэдэн  онцгой асуудал байгаа мэт санагддаг. Энэ удаад тэр болгоныг дурдах боломжгүй. Хамгийн чухал гэж боддог нэг зүйл бол хариуцлага болоод хяналтын тухай юм. Өнөөгийн Үндсэн хуульд энэ талаар сул тусгагдсан байж мэдэхээр байгаа. Би парламентийн засаглалыг дэмждэг хүн. Шулуухан хэлэхэд манай улсад ерөнхийлөгчийн засаглал таарахгүй. Өнгөрсөн хугацаанд сонгогдсон 4 ерөнхийлөгчийн ажилласан байдлаас ингэж харагддаг. Ерөнхийлөгч гэгч хувь хүнийх нь тухайд биш институцийнх нь хувьд би ярьж байна. Тэд сүүл сүүл рүүгээ улам л саармагжаад олон нийтээс өгөх үнэлгээ бүр л дордсоор байсан. Зөвхөн энэ динамик л үүний тод нотолгоо биш үү. Энд тэндэхийн сайн туршлага, үлгэр загварыг авалгүй яахав. Тэгэхдээ л өөрсдийн амьдралын туршлагаас чухал юм гэж байхгүй. Ер нь туулж өнгөрүүлсэн түүхээс илүү сайн багш гэж байхгүй л дээ. Өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд бол харин ч парламент байсан тулдаа энэ хэртэй байгаа юм биш үү гэж боддог. Бас харамсдаг. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол ч хөнтөрчихөж мэдэх нь гэж хэрдхиймээр явдал цөөнгүй гарсан. Энэ дашрамд нэг зүйлийг сонирхуулахад, Үндсэн хууль батлах явцад би хаантай байх тухай санал гаргасан боловч хэн ч анзаараагүй өнгөрсөн. Тэр нь хаант засаг биш харин бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн оронд урьдаас хар багаас нь тодруулсан,зориудаар бэлтгэгдсэн хаантай байх, өөрөөр хэлбэл, хэмжээт эрхт хаантай парламентийн  засаглалтай бүгд найрамдах улс байх тухай санаа байсан л даа. Тийм улс орнууд эргэн тойронд маань зөндөө бас сайхан л хөгжицгөөж байна. Тэгэхэд шийдсэнсэн бол хаан маань өдийд аль хэдийнэ сургагдаж бэлтгэгдээд хорин хэдэн нас хүрчихсэн яг энэ цаг үед бүрэн эрхээ хэрэгжүүлж  эхлэх гээд байж байх байсан ч юм билүү. Тэр ямар ч гэсэн улсаасаа, ард түмнээсээ хулгай хийчихлээ гэгдэх хар хэл аманд өртсөн нэгэн байхгүй байсан биз.

-Тэр үед Та сонин  санал гаргаж байсан байна. Хариуцлага, хяналттай холбоотой хэлэх зүйл танд багагүй байх шиг санагдана...?

-Парламент бол хууль тогтоох, төлөөлөх, хянах үндсэн функцтэй. Гэтэл тэднээс хянах функц нь өнөөдөр үүргээ гүйцэд биелүүлж, ард түмний хүсэл зоригийг илэрхийлж чадаж байна уу. Эзэнгүй төр, төргүй улс болчихлоо гэх яриа энгийн ухамсрын түвшинд нэлээд гардаг. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл төрийн хэргийг удирдахад олон нийтийн оролцоог сайн хангахгүй улмаар хариуцлага гэгч юм дутагдаад буйг үгүйлж байгаа хэрэг. Тэрчлэн “засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн зарчим нэхэгдсэний баталгаа. Нөгөө талаар, манай Үндсэн хуульд эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилт тавьсан. Энэхүү иргэний нийгмээр дамжуулан иргэд төр засгаа удирдахад оролцож хяналтаа тавьж, хариуцлагаа нэхнэ гэж тооцоод Үндсэн хуульд энэ зарчмыг суулгасан. Гэтэл  иргэний нийгэм цогцлон бүрэлдэх боломж нөхцөл манайд хязгаарлагдмал байгаа учраас Үндсэн хуульд бодолцсон хэмжээнд хүртэл төлөвшиж чадахгүй байна. Иймэрхүү учир шалгаанаас болж манай улсад хоёр танхимтай парламентын тогтолцоо бүрдүүлэх нь хариуцлага, хяналтыг зохих ёсоор явуулахад хамгийн зохимжтой арга хэрэгсэл бөгөөд сүүлийн хорь гаруй жилд хуримтлагдсан бүх мухардлаас гарч цаашид шуудран хөгжих  боломж нээгдэх нэгэн чухал гарц байхыг үгүйсгэхгүй.

-Энэ ч бас сонин санаа байна. Хоёр шаттай парламентай байх өөр ямар үндэслэл байна вэ?

-Аравтын тогтолцоо, Их хуралдайгаас эхлээд төрийн удирдлагад иргэдээ өргөн хүрээгээр оролцуулдаг урт хугацааны уламжлал манай төрийн түүхэнд бий. Их Монгол улсын үед Их хуралдай, Богд хаант Монгол улсын үед Улсын дээд, доод хурал байсан, дөнгөж саяхан Ардын их хурал, Улсын бага хурал байж түүгээр ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж баталсан туршлага бэлхнээ байна. Тийм учраас хоёр танхимтай парламент бол манайд цоо шинэ, огт боломжгүй зүйл биш.

Нийтийн хөрөнгийг шударгаар ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүргэх нь төрд ажиллагч хэн бүхний үүрэг, хариуцлага. Шударга, тэгш ёс,  хариуцлага гэдгийг төрийн хэргээс арчаад хаясан мэт туйлын хангалтгүй бүр тэнд хулгай нүүрлэсэн мэт болж олон нийтийн жигшил, зэвүүцлийг хүргэж байна. Үйл хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх, түүнийг нь олон нийт хянаж, төрийг удирдах хэрэгт оролцох нь чухамдаа хэн бүхний мэдэх энгийн онол юм. Хэрэв онолыг мэдсээр байж хэрэгжүүлэхгүй, ажил болгохгүй бол хоосон номлол төдий үлдэж ямар ч үр дүн өгөхгүй. Яг одоогоор онолыг дэмий яриад л байхаас биш хэрэгжүүлэх арга механизмыг орхигдуулсаар байна. Төрийн хэрэгт олон түмний оролцоог нэмэгдүүлэх, хяналт болоод хариуцлагыг сайжруулах зэргийг гоё гоё тодотгол нэмээд газар сайгүй ярьцгаасаар л байна. Гэтэл хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой бодлогын асуудлыг санаатай, санамсаргүйгээр орхичихно. Харин тэр бүхнийг бусад олон асуудалтай нь хамт цогцоор нэгэн зэрэг шийдэх арга бол хоёр танхимтай парламентт- Ази тивд анхлан Үндсэн хуультай болсон орны нэг гэдгээрээ бид бахархдаг. Ази тивд анхлан Үндсэн хуультай болсон орны нэг гэдгээрээ бид бахархдаг. Хоёр танхимтай парламенттай  болох явдал юм.

-Хоёр танхимтай парламент нь өртөг зардал ихтэй юм биш үү?

-Үүнийг дан ганц мөнгөний нүдээр харж болохгүй. Улс төр, эдийн засгийн утгаар нь нийлүүлж харах хэрэгтэй. Парламент маань угаасаа өөрөө өртөг ихтэй бүтэц. Сайн машинтай байх гэвэл зардлыг нь төлөхөөс аргагүйтэй адилхан. Цөөн гишүүнтэй зардал багатай парламенттэй байна гэхэд түүнээс болж улс үндэсний хэмжээгээр учирч  болох эрсдэл юу байж болох вэ гэдгийг бодолцох нь чухал. Манай парламент одоо 76 гишүүнтэй боловч мөнөөх “дордуулсан долоогийн” гайгаар ердөө 20 гишүүн байхад хууль батлагдах бололцоотой болсон байгаа.  Үндэстэн дамнасан корпорац, олигархуудын ашиг сонирхол хүч түрсэн нийгэмд шийдвэр гаргагч 20 хүнд нөлөөлөх тийм хэцүү зүйл биш. Хэрэв Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой, Цагаан суварга, Салхитын мөнгөний,  Хотгор шанагын нүүрсний гэх мэт том орд газруудыг тойрсон шүүмжлэл шиг буруу шийдвэр гарчихвал юун парламентийн хэдхэн гишүүнд гаргасан нэмэлт зардалтай яахан зүйрлэх билээ. Иймэрхүү хүчин зүйлийг ч бодолцсон байдаг биз мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоогоор манай улсын парламентийн гишүүдийн тоо 140-өөс дээш байх ёстой гэсэн байдаг.  Тэгээд ч хоёр танхимтай парламентийн дээд танхим нь байнгын биш ажиллагаатай учраас тэнд харьцангуй бага зардал гарна.

-Хоёр танхимтай парламенттай болсноор ямар ач холбогдол гарна гэж та тооцож байна вэ?

-Юуны өмнө манай улс төрийн хүрээнд нүүрлээд байгаа бэрхшээлийг ард түмний өргөн төлөөллийн оролцоотой шударгаар шийдвэрлэх боломж бүрдэж бүх ард түмний төлөөллийг өргөнөөр хамарсан институц бүрдэнэ. Энд шударгаар гэдэг үгийг дахин онцлон хэлмээр байна. Хоёр танхимтай парламент харилцан хяналт тавьсан, олон түмний өргөн төлөөлөлтэй учраас өнөөдрийнх шиг намууд улс төрийн тогтолцооны оройд гарсан биш харин Парламент маань нийт улс төрийн тогтолцооны баттай цөм болох учраас намын эрхшээлээс чөлөөлөгдөж төрийн шударга тогтвортой ажиллагаа хангагдана. Парламентийн олон түмэнтэй холбогдох хүрээ болон хяналт нэмэгдсэн учраас худалдагдах, авигадуулах, зөвхөн мөнгөнд дулдуйлагдсан хувийн болон бүлгийн ашиг сонирхолд автах мэт бусармаг явдлыг мөхөөхөд гол үүрэг гүйцэтгэж чадна. Энэ мэт зөвхөн дотоод талдаа сайн үр дүн өгөөд зосохгүй гуравдагч хөршийг оролцуулаад хоёр том хөрштэйгээ харилцах харилцаанд ч илүү тэнцвэртэй байх боломж гарах нь дамжиггүй. Эцсийн дүндээ хоёр танхимтай  парламентийн энэ мэт олон давуу талын үр дүнд бидэнд одоо учраад буй баялгийн хараал гэгчийг даван туулах бололцоо гарна гэж төсөөлж байна. Яг үнэндээ, манай улсад тохиолдоод байгаа бүх хүндрэл бэршээлийн уг сурвалж бол энэхүү баялгийн хараал гэгчээс үүсэлтэй, чухамдаа, биднийг төр засаг маань удирдаад байна уу аль эсхүл мөнгө гэгч гайхал удирдаад байна уу гэдгийг өнөөдөр ялгахад төвөгтэй болчихлоо л доо.

-Та хоёр танхимтай парламентийн давуу талыг илүү тодруулан товчхон хэлж болох уу?

-Энэхүү хоёр шаттай парламент бол манай хувьд цоо шинэ зүйл биш гэдгийг дээр хэлсэн. Уламжлал байгаа учраас хоёр шаттай парламентийн талаар надаар хэлэлүүлэлтгүй танд ч гэсэн тодорхой төсөөлөл байгаа л даа. Мэдээж хэрэг парламентийн дээд танхим нь ард түмний өргөн төлөөлөл болохын хувьд зөвхөн улс төрийн намаас бус иргэний нийгмээс, хувь иргэд, тэдний дурын эвслээс нэрээ дэвшүүлсэн хүмүүс сонгогдон орох бололцоотой. Хүн бол танхимын сэтгэлгээнд тун амархан орж сонгогчдоосоо тасарчихдаг учраас дээд танхимын гишүүд нь ядахдаа мах, талхныхаа үнийг мэдэх мэт амьдралын энгийн үнэнийг мэддэг, тэр дунд хутгалдаж яваа жирийн хүмүүс олноор орж ирэх боломжтой. Дээд танхим байнгын ажиллагаагүй жилд хоёроос цөөнгүй удаа хуралддаг, тэгэхдээ байнгын ажиллагаатай доод танхимдаа хяналт тавьдаг, хариуцлага нэхдэг төрийн өндөр албан тушаалтнуудыг сонгодог, баталдаг, эргүүлэн татдаг, огцруулдаг түүгээр ч зогсохгүй доод танхимын баталсан хуулийг шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгодог гэх мэт түүний талаар төсөөлөл гаргаж болно шүү дээ. Ард түмний зүгээс төрд тавих хяналт  сайжирч жинхэнэ мерит зарчмаар төрийн түшээд шилэгдэж зөв хүн нь зөв газраа байрших үндсийг тавих, тэднээсээ хариуцлагыг шударгаар нэхэх бололцоо бүрдэх учраас хоёр танхимтай парламент бол манай ард түмнээс баялгийн хараалыг хариулах гол арга хэрэгсэл болно гэж хэлээд байгаа юм л даа.

- Монгол хүн эх орондоо эзний ёсоор амар жимэр амьдрахад Үндсэн хуульдаа маш ухаалгаар гар хүрэх ёстой гэж ойлгож байна. Үүнийг манай дээдсүүд хийх болов уу?

-Бид хүндхэн цаг үеийг туулж явна. Гэхдээ Монгол улс минь хөгжиж байна. Эрчтэй хүчтэй, эрдэмтэй номтой сайхан залуу үе өсөж байна. Эх орон минь улам их хөгжин цэцэглэнэ гэдэгт би баттай итгэдэг. Хоёр танхимтай парламент байгуулж төрийн удирдлагад ард түмний хяналтыг жинхэнэ ёсоор тогтоож хариуцлагыг тооцож чаддаг улс төрийн тогтолцоо бүрдүүлэх нь өнөөөгийн монголчуудын нэн тэргүүний зорилт юм шүү. Ингэснээр бид засгийн эрхийг ард түмэн мэднэ, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийнхаа тунхаглалыг амьдралд бодтойгоор хэрэгжүүлж Эх орондоо эзэн хүний ёсоор сайхан амьдрах боломж нээгдэнэ. Баялгийн хараал учруулагч, түүнээс ашиг завшаан олдог гадна, дотны цөөн этгээдүүд хоёр танхимтай парламентийг эсэргүүцэх л байх. Тэр бол төрийг ард түмнээс нь хол байлгах, хариуцлага хяналтгүй явах гэсэн санааг цаанаа агуулсны  шинж

. Аливаа эсэргүүцэл бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрэх нь ёстой л нөгөөх Монгол ялна гэдэг маань жинхэнэ утгаараа бүрдэж буй нь тэр. Эцэст нь хэлэхэд баялгийн хараал гэгчийг хариулах арга хэрэгсэл бол ард түмний өргөн оролцоотой хоёр шаттай парламент юм шүү гэдгийг битгий мартаасай гэж захимаар байна.

-Баярлалаа Таны эрдэм судлал, уран бүтээлийн ажилд их амжилт хүсье.