<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Эрчим хүчний салбарт 2019 он "Ухаалаг эрчим хүч"-ний жил байх болно
featured

Эрчим хүчний салбарт 2019 он "Ухаалаг эрчим хүч"-ний жил байх болно

Эрчим хүчний сайдын зөвлөл ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний яамны газрын дарга, зөвлөлийн гишүүд болон асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Энэ удаагийн хуралдаанаар 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй батласан юм. Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгыг тодорхойллоо.

Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Найдвартай, тогтвортой ажиллагааг хангах хүрээнд– Эрчим хүчний төлөв байдлыг бодитойгоор үнэлж, найдвартай тогтвортой ажиллагааг нь хангах;
  • Үр ашиг дээшлүүлэх чиглэлээр– Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх төвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны оновчлол, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх;
  • Түгээх сүлжээ, хэрэглэгчийн төвшинд нэвтрүүлэх чиглэлээр– Ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх түүнээс гарах үр ашгийг хүртэх;

Дээрх үндсэн зорилтуудын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал: Эрчим хүчний салбарын байгууллага бүрт ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бий болгох, Эрчим хүчний салбарын ухаалаг реле хамгаалалт, автоматикийн цогц системийн техникийн тодорхойлолтыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, Эрчим хүчний системийн хэвийн болон аваарийн үеийн процессийг бичих зориулалт бүхий нэгдсэн удирдлага, хяналтын систем /WAMS/-г нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийг судлах, Эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дэд системүүд /санхүү, хүний нөөц, үйл ажиллагааны бусад системүүд/-ийг нэгтгэх, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх талаар судалгаа хийх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, Агаарийн бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын хэрэглэгчдийг Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан ухаалаг микро сүлжээнд холбох боломжийг судлах, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм.

Эрчим хүчний ухаалаг сүлжээний тодорхойлолт, техникийн шаардлага түүнийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиг үүрэг бүхий нэгжийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК дээр байгуулна.  “Ухаалаг эрчим хүч”-ний жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлд эргэн танилцуулах юм.

Таг: