<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Манай тамирчид Дакар раллигиййн 3 дахь гарааг амжилттай тууллаа
featured

Манай тамирчид Дакар раллигиййн 3 дахь гарааг амжилттай тууллаа

Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт болж буй авто спортын “Дакар Ралли-2019” уралдаанд Монгол Улс анх удаа бүтэн багаараа оролцож байна.

 “Dakar 2019 Team Mongolia” баг автомашины SxS ангиллын дөрвөн дугуйт /413 дугаартай/ болон мотоциклын /120 дугаартай/ төрөлд өрсөлдөж байна. Автомашины болон мотоциклын хоёр дахь гараанд манай баг тамирчид замаа амжилттай дуусгаад байгаа юм.

 Монголын баг тамирчид энэ удаа өөрийн сурвалжлагчтай Перу улсад очоод байгаа бөгөөд спортын сэтгүүлч Б.Онон анх удаа “Дакар Ралли”-г сурвалжилж, газар дээрээс нь мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэрбээр энэхүү уралдааныг сурвалжлах мандатаа зургаан мянган еврогоор авсан байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын олимпийг сурвалжлахаар олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр төлбөр төлж ажилладаг. Энэхүү уралдааныг сурвалжлах эрхийн мандат 12 мянган еврогийн үнэтэй ч Монголоос анх удаа сэтгүүлч очсонд зохион байгуулагч францчууд талархаж, төлбөрийн 50 хувийг хөнгөлжээ. Сэтгүүлч Б.Ононгийн хувьд, 2016 оноос эхлэн Монголын автомастеруудын холбооны цуврал уралдааны 20 гаруй нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм. Тэрбээр өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна. 

Перу улсын нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа “Дакар ралли-2019” уралдааны 3 дахь гарааны автомашины ангилалд ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдаж, барианд амжилттай орлоо.

 Энэ өдөр нийтдээ 798 километр замыг туулсан бөгөөд уралдааны цаг тооцох 331 километрийг 7 цаг 18 минутад туулж 58 дугаар байр эзэлжээ. Дакар Раллигийн гурав дахь өдрийн гараанд Дакарын домог Стефане Петерхансел түрүүлсэн бөгөөд  тэр өмнөх хоёр өдрийн гараанд сайн амжилт үзүүлж чадаагүй байв.

Харин энэ өдөр Петерхансел хоёрт орсон тамирчнаас 3 минут 26 секундын өмнө барианд орлоо. Түүний ард өмнөх өдрийн уралдаанд тааруу уралдсан Нассер Ал Аттияа орсон юм.

 “Дакар Ралли-2019” уралдааны гурав дахь өдрийн мотоциклийн гараанд Франц тамирчин Хавьер Дэ Соултра түрүүллээ. Өмнөх өдрийн гараанд түрүүлсэн, өнгөрсөн жилийн аварга Маттиас Валкнер, энэ жилийн раллид маш сайн байгаа Рики Брабек нар эхний 10-т ч багтсангүй. Пабло Күинтанилла тэргүүлэгчээс ердөө 15 секундээр хоцорчээ. Кевин Бенавидис, Ван Беверен, Сэм Сандерланд гэсэн дарааллаар энэ гарааны эхний тавыг бүрдүүллээ. Дакар Раллигийн гурав дахь өдрийн гараа цаг агаарын маш хүнд нөхцөлд өрнөсөн байна.

 

 

Мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Н.Лхамаа биедээ гэмтэл авсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж 331 километр замыг 6 цаг 27 минутад дуусган, нийтдээ энэ өдөр 798 километрийг туулж 85 дугаар байрт орлоо.