<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Завханы Дөрвөлжин суманд чацаргана боловсруулах цех ажиллаж эхлэв
featured

Завханы Дөрвөлжин суманд чацаргана боловсруулах цех ажиллаж эхлэв

Завхан аймгийн  Дөрвөлжин сумын ЗДТГ-аас энэ жил хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг өглөө. Тус сум улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хомын хоолойн гүүрний их засвар, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цаг уурын өртөөний барилга, сумын төсөв болон  бусад төсөл хөтөлбөрөөр 2.5 километр сайжруулсан шороон замтай болжээ. Автозам дагуух болон сургууль орчмын бүсийн 500 метр хайсжуулалт, ногоон байгууламжийг байгуулсан байна. Түүнчлэн хүүхдийн хөл бөмбөгийн стандартын талбай, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, 1.6 километр нарны зайн болон гудамжны гэрэлтүүлгийн засвар шинэчлэл, иж бүрэн камержуулалтыг тус тус хийжээ. Мөн хөдөөгийн багуудын есөн цэгт уст цэгийн хайгуул хийлгэж, 2018 онд таваас зургаан байрлалд худаг, уст цэгийг гаргажээ. Орон нутгийн дотоод нөөц бололцоогоо ашиглаж бага өртгөөр бог, бод малын хашаа, ванн барих ажлыг малчид иргэдийг гэрээгээр ажиллуулж хамтран ашиглалтад оруулсан байна. Тус сум өнгөрч буй 2018 оныг бүтээн байгуулалтыг дэмжих жил болгосонтой холбогдуулан сумын төвийн өнгө үзэмж, тохижилт үйлчилгээг хангах тал дээр анхаарч ажилласнаар 24 бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тухайлбал нутгийн захиргааны ордны өмнөх талбай болон хүүхдийн спортын гүйлтийн зам, төрийн эзэмшлийн гурван худагт автомат систем суурилуулалт, чацарганын цех, нарийн ногооны хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх, төсөвт байгууллагуудын гадна гэрэлтүүлэг, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр хангах  зэрэг ажлуудыг хийсэн гэв.

Дөрвөлжин сумын нутагт ургуулж буй  зэрлэг чацарганы “Хар бут”-ны ойн хоёр га орчмыг сийрэгжүүлэх ажлыг хийжээ. Байгалийн зэрлэг чацарганы ойг хамгаалах, нөхөн тариалалт хийх, зохистой ашиглах  зорилгоор нутгийн иргэдийн таван бүлэгт талбайг хуваарилан өгч хамгаалуулах ажлыг хийжээ. Энэхүү ойг түшиглэн “Хомын талын тахь” ТББ өөрийн хөрөнгөөр чацарганын боловсруулах цехийг барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр тус суманд ажлын байр нэмэгдэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон байна. Өнөөдрийн байдлаар тус цех өдөртөө 100 гаруй ширхэг чацарганын өтгөрүүлсэн шүүс гаргаж байгаа бөгөөд бүтээгдэхүүний чанар технологийг судлуулах зорилгоор хоёр хүнийг суралцуулж байгаа аж. Нэмж дуулгахад тус сум энэ жил хөдөө аж ахуйн салбарын хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг зах зээл дээр өндөр үнээр борлуулах бодлогыг баримтлан ажиллаж байна гэв. Тухайлбал Тогтвортой ноос ноолуур /SPD/ төсөл, орон нутгийн хоршоодтой хамтран ажилласны үр дүнд Завхан буурал омгийн ямааны ноолуурыг гуравдагч зах зээл дээр өндөр өртгөөр борлуулах суурь тавигджээ. Мөн байгалийн гаралтай түүхий эдийг хамгаалах, зах зээлийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Баруун бүсэд газрын доройтлыг бууруулах төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, “Хомын талын тахь” ТББ гэх мэт төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа талаарх мэдээллийг ЗДТГ-аас өглөө.

Таг: