<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Украйны ерөнхийлөгч П.Порошенко ОХУ-тай байгуулсан найрамдлын гэрээг цуцлах санал гаргав
featured

Украйны ерөнхийлөгч П.Порошенко ОХУ-тай байгуулсан найрамдлын гэрээг цуцлах санал гаргав

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн барьжээ. Энэ тухай парламент дахь ерөнхийлөгчийн төлөөлөгч Ирина Луценко мэдээллээ. "Парламент дэмжинэ гэж бодож байна” гэж тэрбээр зөвшилцөх хурлын үеэр хэлсэн байна. Уг хурлыг телевизийн "112. Украина" сувгаар шууд дамжуулжээ.
 Ерөнхийлөгч Порошенко үүнээс өмнө тус улсын Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалахын зөвлөлийн уг гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон аж. Гэхдээ тэрээр энд гэрээг бүрмөсөн цуцлах бус дахин сунгахгүй байх шийдвэрийн тухай яригдаж байгааг тайлбарласан байна.
 Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа Москва болон Киев хоорондын санал зөрөлдөөн улам даамжирсан юм. Украины тал ОХУ-тай байгуулсан хэд хэдэн арван гэрээгээ цуцалж, дайны байдал зарласнаас гадна, Оросын эрэгтэйчүүдийг тус улсад зорчихыг хориглож, бусад хэд хэдэн арга хэмжээг авсан билээ.
 Дээрх гэрээний хугацааг сунгахгүй байх нь хор хөнөөлтэй алхам гэдгийг Москва мэдэгдээд, ийм шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлжээ.
 ОХУ болон Украин найрамдал, хамтын ажиллагаа болон түншлэлийн тухай гэрээнд 1997 онд гарын үсэг зурсан байна. Уг гэрээ нь “харилцан бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, маргааныг тайван замаар зохицуулах, хүч хэрэглэхгүй эсвэл эдийн засгийн болон өөр арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан” талуудын стратегийн түншлэлийг бэхжүүлж байв. Гэрээний хүчинтэй хугацаа 10 жил бөгөөд хэрэв талууд эсэргүүцэхгүй бол цаашид автоматаар сунгагдах аж.
 

728×90