<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Эрхүүгийн Их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдлаа
featured

Эрхүүгийн Их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдлаа

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Эрхүү хотноо болсон Эрхүүгийн Улсын Их Сургууль (ЭУИС)-ийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцсон тус сургуулийн үе үеийн төгсөгч монголчуудын санаачилгаар Иркутскийн Улсын Их Сургууль төгсөгчдийн Монголын холбоо хэмээх ТББ байгуулагдлаа. Үүсгэн байгуулагчдын анхны хурал 11 дүгээр сарын 7-нд ХЗДХЯ-нд болж ЭУИС-ийн янз бүрийн факультетийн төлөөлөл оролцов.

ЭУИС 1926 онд анхны долоон монгол оюутныг хүлээн авснаас хойш тус сургуулиас салбарлан байгуулагдсан олон сургуулийг төгссөн мянга мянган монголчуудын дөрвөн ч холбоо байдаг байна. Тухайлбал: 
-Эрхүүгийн Төмөр замын дээд сургууль төгсөгчдийн холбоо; 
-Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгсөгчдийн холбоо; 
-Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль төгсөгчдийн холбоо; 
-Эрхүүд их, дээд сургууль төгсөгчдийн холбоо.

Эдгээрээс, ялангуяа дөрөв дэх холбооноос ялгарах, “Иркутский Государственный Университет” хэмээх сургуулийнхаа албан ёсны нэрэнд ойртуулах үүүднээс шинэ холбоог санаачлагчдын хэлэлцэн тогтсоноор Иркутскийн Улсын Их Сургууль төгсөгч монголчуудын холбоо хэмээн нэрийдсэн юм.

Үүсгэн байгуулагчдын хурлаас шинэ холбооныхоо Удирдах зөвлөл (УЗ)-ийг төгссөн сургуультайгаа нягт харилцаа холбоотой байдаг, Холбооныхоо ажилд сэтгэл гарган оролцох идэвх зүтгэлтэй гэж үе тэнгийнхэн нь үнэлдэг факультет бүрийн төлөөллийг оруулан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Тэгэхдээ ЭУИС төгссөн 1000 гаруй хүний 350 гаруй нь Хуулийн факультетийн төгсөгчид гэдэг үндэслэлээр тус факультетийн төлөөллийг түлхүү оруулсны дотор ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, өмгөөлөгч З.Алтангэрэл, Д.Цэндсүрэн нар байлаа.

Холбооны УЗ-ийн тэргүүнээр ЭУИС-ийн хуулийн факультетийн 1979 оны ахмад төгсөгч, тус сургуулийн Хүндэт профессор, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасанг, Дэд тэргүүнээр ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийг сонгосон юм. С.Дэмбэрэлийн хувьд ЭУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Оросын ШУА-ийн академич И.В.Бычковтой нэг курст хамт сурч байсан, ЭУИС-ийн Математикийн факультетийн 1983 оны төгсөгч юм. 
Холбооны нарийн бичгийн даргаар гурван хүнийг сонгосон бөгөөд үүнд: 
-Л.Болор-Эрдэнэ - 1997 онд Хуулийн факультет төгссөн
-Л.Энхсайхан - 1991 онд Түүхийн факультет төгссөн 
-Д.Эрдэнэбат - 1988 онд Эрхүүгийн багшийн дээд сургуулийн Математикийн факультет төгссөн (Тус сургууль хожим нь ЭУИС-ийн бүрэлдэхүүнд орсон).

Үүсгэн байгуулагчдын хуралд оролцогчид эн түрүүнд ЭУИС-ийн үе үеийн төгсөгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, Холбооныхоо үйл ажиллагааны дүрмийн төсөлд санал авах, ирэх 12-р сарын 12-15-ны өдрүүдэд Улаанбаатарт тэмдэглэх сургуулийнхаа 100 жилийн ойд бэлтгэх, түүний хөтөлбөрт ямар ямар арга хэмжээ тусгаж үе үеийн төгсөгчдөө хэрхэн хамруулах, ойн баярт орос багш нарыг урьж оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

10-р сарын сүүлээр Монголын 160 орчим төгсөгч оролцсон ЭУИС-ийн 100 жилийн ойг энэ жилийн турш ЭУИС төдийгүй хот, муж даяараа тэмдэглэж байгаа бөгөөд 12-р сард Монголд үргэлжлэх их ойн баярын үеэр Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д баярын хурал, Эрхүүд төгсөгчдийн гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм.