<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Индонезийн Ява арал дээр хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ
featured

Индонезийн Ява арал дээр хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ

  Индонезийн Ява аралд даваа гарагт харьцангуй бага гүнд хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны даргын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас олон арван байшин барилга нурж сүйджээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилийн хэлснээр, гэр орон нь ноцтой сүйдсэн 13 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү шилжүүлсэн байна.

землетрясение в индонезии, в индонезии погибли 162 человека

землетрясение в индонезииFullscreen
землетрясение в индонезии
 
“Маш олон барилга нурсан тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Одоогоор 326 хүн гэмтэж бэртээд байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд олон хүн гацсан хэвээр байгаа тул гэмтэж бэртсэн, амиа алдсан хүний тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж болзошгүй” гэж Р.Камиль нэмж хэлсэн байна.

АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Чианжур жижиг хотод байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоогоор 70 км зайд орших нийслэл Жакарта хотод мэдрэгдсэний улмаас өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.

“Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байсан. Газар хөдлөх үед сургуулиуд хичээллэж, лалны шашны сургуулиудад нэмэлт хичээл орж байсан” гэж Р.Камиль ярьжээ. Чианжурт лалын шашны олон сургууль, сүм байдаг аж. Даваа гарагт газар хөдөлсний дараа 88 чичирхийлэл мэдрэгджээ.

Хөрсний гулгалт үүссэний улмаас хотын ойр орчмын замууд хаагдсан байна. Нурж сүйдсэн олон арван барилгын дотор лалын шашны сургууль, эмнэлэг, бусад байгууламжууд байсан гэж эрх баригчид мэдээлж байна. Мөн цахилгаан хангамж тасалдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Нийт 270 сая гаруй хүн амтай Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд, Баруун Суматра мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 25 хүн амиа алдаж, 460 хүн гэмтсэн бол Баруун Сулавеси мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 6500 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 2004 онд Энэтхэгийн далайн газар хөдлөлт, цунамийн улмаас 10 гаруй оронд 230 мянга орчим хүн амиа алдсаны дийлэнх нь Индонезийн иргэд байжээ.