<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Дотоодын нийт бүтээгдэхүүн 17.7 хувиар нэмэгдэв
featured

Дотоодын нийт бүтээгдэхүүн 17.7 хувиар нэмэгдэв

  Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 35.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.3 (17.7 хувь) их наяд, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 730 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний 9 сард 6.7 хувиар буурсан бол 2021, 2022 оны эхний 9 сард 3.7 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны 3 дугаар улиралд өмнөх улирлынхаас 1 хувиар нэмэгдсэн байна.

ДНБ, 2022 оны эхний 9 сард 3.7 хувиар нэмэгдсэний 1.6 нэгж хувийг хөдөө аж ахуй, -2.3 нэгж хувийг уул уурхай, олборлолт, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилга, 2.4 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.7 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 310.9 (10.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.6 нэгж хувиар эерэг нөлөө үзүүллээ.

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 444.9 (17.3 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Үүнд нүүрс олборлолт 11.9, газрын тосны олборлолт 66.9, зэсийн баяжмал 12.1 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) дээрх хугацаанд 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 63.4 (2.9 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд барилгын салбарын нэмэгдэл өртөг 3.7 хувиар өссөн нь нөлөөлөв. Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 474.1 (5.3 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд бөөний, жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 11.3, мэдээлэл, холбооны салбарын нэмэгдэл өртөг 8.7 хувиар өссөн нь нөлөөлжээ.

ДНБ-ий 2022 оны эхний 9 сард эцсийн хэрэглээнд 65.9, хөрөнгийн нийт хуримтлалд 43.3, цэвэр экспорт -9.2 хувь (үүнээс экспортод 61.3 хувь, импортод 70.5 хувь) зарцуулагдаж, өмнөх оны мөн үеийнхээс хөрөнгийн хуримтлал 3.8 нэгж хувиар нэмэгдэж, эцсийн хэрэглээ -0.2, цэвэр экспорт -3.6 нэгж хувиар багасав. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр, эцсийн ашиглалтын аргаар тооцсон) энэ оны эхний 9 сард 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 724.2 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

ДНБ-ий 3.7 хувийн өсөлтийн 5.3 нэгж хувь нь эцсийн хэрэглээнд, 9.3 нэгж хувь нь хөрөнгийн хуримтлалд, -10.8 нэгж хувь нь цэвэр экспортод ногдож байна. Эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (6.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрхийн эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 918.1 (7.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, ДНБ-д 4.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн аж.