<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцэж байна
featured

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцэж байна

  Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас зохион байгуулж байна. Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар нийслэлийн төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, өнгөрч буй 2022 оны зарцуулалт, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж, 2023 оны төсвийн төслийг танилцуулав.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2023 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн хотод тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж буй юм.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасныг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Тодруулбал, цахимаар 179,925, цаасаар 960,451, нэмэлтээр 960,451 төсөл, арга хэмжээний санал хүлээн авсны дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, авто зам шинэчлэх, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, гадна талбайн тохижилтын төслүүд байжээ.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн харьяа байгууллагын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчдөөс гадна есөн дүүргийн иргэдийн 300 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүллээ. Тодруулбал, дүүрэг хороодод хийж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг саналыг иргэд хэлж байв. Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2023 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах юм.