<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Д.Батчулуун: Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээг ДМАЭМБ-аас авсан
featured

Д.Батчулуун: Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээг ДМАЭМБ-аас авсан

Монгол Улсын Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн ахиц дэвшилд 2019 онд хийсэн үнэлгээнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа, биелэлт хэдэн хувьтай яваа зэрэг асуудлаар салбарынхан болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тодруулбал, “Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үнэлгээний хэлэлцүүлэг” боллоо.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага болон холбогдох бусад талуудаас томилогдсон төлөөлөл, түнш байгууллагын ажиглагчид зэрэг 100 гаруй оролцогчид оролцлоо. Уг уулзалтаар мал эмнэлгийн үйлчилгээг чадавхжуулах, зоонозын халдвар, бичил биетний тэсвэржилт, хүнсний аюулгүй байдал, нийтийн болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих чиглэлээр эрх, чадавх бүхий удирдах байгууллагууд хоорондоо уялдаа, зохицуулалтаа бэхжүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.

Гүйцэтгэлийн үнэлгээний биелэлт 84 хувьтай байна

Arslan.mn

Энэ үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун "Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын  гишүүн орон. Энэ хүрээнд Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг анх 2007 онд хийсэн байгаа. Түүнээс хойш арав гаруй жилийн дараа буюу дахин 2019 онд үнэлгээ хийхэд тодорхой ахиц дэвшил гарсан гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, нийтдээ 100 гаруй шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн үнэлгээний биелэлт 84 хувьтай байна. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үнэлгээний энэ удаагийн хэлэлцүүлэг, уулзалтаар гүйцэтгэлийн үнэлгээг нэг бүрчилэн хэлэлцэж, хэрэгжилт ямар байгааг олон улсын экспертүүдийн өмнө тайлангаа тавьж байна. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, МЭЕГ, 21 аймгийн мал эмнэлгийн газрын дарга нар болон мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөрүүдийн удирдагч нар оролцож байна. Энэ хурлаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс гадна цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгосон. Үүнээс гадна мал, амьтны өвчингүй бүс нутаг, тодорхой өвчнийг дарж чадсан эрүүл бүс болгохыг баталгаажуулан ажиллаж байна. Үүний нэг жишээ энэ онд Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас хүлээж авсан" гэж хэллээ. 

Монгол Улс дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 онд элсэн орж, мал, амьтны эрүүл мэндийн онцгой байдлын үед дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Arslan.mn