<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ 5-12 насны хүүхдэд зориулсан эхний 300,000 тун вакциныг Монголд нийлүүлж байгааг Э.Блинкен мэдэгджээ
featured

5-12 насны хүүхдэд зориулсан эхний 300,000 тун вакциныг Монголд нийлүүлж байгааг Э.Блинкен мэдэгджээ

 АНУ-ын Засгийн газар, КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсын 5-12 насны хүүхдүүдийн дархлаажуулахад зориулж 1 сая тун Файзер вакциныг нийлүүлэхээр болсныг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клически мэдээлж байсан.

Тэгвэл эхний ээлжийн 300,000 тун вакцины нийлүүлэлтийг өнөөдөр хийж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен КОВИД-19-тэй тэмцэх Дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний уулзалт дээр мэдэгджээ. 

ДЭМБ-аас зорьсончлон дөрвөн сарын өмнөөс улс орон болгон хүн амынхаа 70 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах зорилт тавин ажиллаж буй. Үүний тулд улс орнууд хамтран урагшлах шаардлагатай бөгөөд бусад улс орнуудад туслах замаар энэ зорилтод нийтээрээ хүрэх нь чухал байгааг тэрбээр хурлын үеэр тодотгожээ. 

Тэрбээр "АНУ, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 5-12 насны хүүхдүүдийг дархлаажуулахад зориулж Файзер вакциныг улс орнуудад хандивлаж эхлээд байна. Өнөөдөр хамгийн эхний нийлүүлэлтийг Монгол Улсад хийж байгаа бөгөөд энэ удаа 300,000 тун вакциныг өгч байгаа юм. Мөн Непал улсад нэг сая тун вакцин илгээж байна" хэмээн хэлжээ. 

Эх сурвалжийн хэлснээр эхний ээлжийн энэхүү 300,000 тун вакцин зургаадугаар сарын 18-ны Бямба гарагт Монгол Улсад ирэх хүлээлттэй байна. 

Монгол Улс 12-оос дээш насныхаа хүн амыг амжилттай дархлаажуулсан. Харин 5-12 насны хүүхдүүд вакцин огт хамрагдаагүй байгаа бөгөөд халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж буй. Учир нь КОВИД-19 халдварын тархалт намжаагүй хэвээр байгаагаас гадна намар дахин дэгдэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.